YouVersion Logo
Search Icon

Иеремиа 52

52
Иерусалимын сүйрлийн тухай
1Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв. 2Тэрээр Иехоиакимын үйлдсэний адилаар ЭЗЭНий мэлмийд муу муухайг үйлджээ. 3Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов. 4Хаанчлалынх нь есдүгээр оны аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгов.#Езк 24:2 5Ийнхүү Зедекиа хааны арван нэгдүгээр он хүртэл хот бүслэлтэд байв. 6Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ. 7Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргүүдийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.#Езк 33:21 8Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив. 9Тэгээд тэд хааныг олзлоод, Хаматын нутаг дахь Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов. 10Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэлийг Риблад хядав. 11Дараа нь тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлжээ. Вавилоны хаан түүнийг Вавилонд аваачиж, үхлийн өдөр хүртэл нь түүнийг шоронд хийв.#Езк 12:13 12Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны үйлчлэлд байсан ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд ирэв. 13Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав. #1Ха 9:8 14Ингээд ахлах хамгаалагчтай хамт байсан халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмийг нураав. 15Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хамгийн ядуу хүмүүс, хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсдыг гарын уртай хүмүүсийн хамт цөллөгт авч явжээ. 16Ахлах хамгаалагч Небузарадан тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв. 17ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл багананууд мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэглээд бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав.#1Ха 7:15–47 18Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савыг авч явжээ. 19Ахлах хамгаалагч бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явав. 20ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг тэнгис, тэнгисийн доор байсан арван хоёр хүрэл бух болон тавиурууд зэрэг бүх сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байв. 21Баганануудын хувьд, баганын өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв. 22Түүний дээр баганын хүрэл дог#52:22 дог: Багана, туг зэргийн оройн хэсэг буюу чимэг. байв. Дог бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дог дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн торон сүлжээс ба анар байв. Хоёр дахь багана ч үүний адил мөн анаруудтай байв. 23Ерэн есөн анар нь харагддаг байлаа. Торон сүлжээсэн дээр тойруулаад бүх анар нь зуу байв. 24Тэгээд тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван хаалгачийн хамт ахлах хамгаалагч авч явав. 25Тэрээр бас дайчдын жанжин нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дууддаг байсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ. 26Ахлах хамгаалагч Небузарадан тэднийг авч Риблад буй Вавилоны хаанд аваачив. 27Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ. 28Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долдугаар онд гурван мянга хорин гурван иудейчүүд, 29Небухаднезарын арван наймдугаар онд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн, 30Небухаднезарын хорин гуравдугаар онд ахлах хамгаалагч Небузарадан долоон зуун дөчин таван иудей хүнийг цөллөгт авч явав. Бүгд дөрвөн мянга зургаан зуун хүн байв.
Иехоиахин чөлөөлөгдөв
31Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалаа эхэлсэн жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг шоронгоос гаргав. 32Дараа нь тэр түүнтэй эелдгээр ярин Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хааны суудлаас түүний суудлыг илүү өндөрт тавив. 33Ийнхүү Иехоиахин шоронгийн хувцсаа тайлсан бөгөөд амьдралынхаа бүх өдрүүдэд хааны ширээнд тогтмол зооглодог болов. 34Вавилоны хаанаас түүнд үхэх өдрийг нь хүртэл амьдралынх нь бүхий л өдрүүдэд өдөр бүрийн хувь хишиг болгон тэтгэмж өгдөг байжээ.

Currently Selected:

Иеремиа 52: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in