Иеремиа 50
50
Вавилоны амсах шүүлт
1Халдеичуудын нутаг Вавилоны талаар эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулж ЭЗЭНий айлдсан үг.#Иса 13:1—14:23, 47:1–15
2Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла.
Үүнийг тунхаглаж, туг өргө.
Үүнийг бүү нуу,
“Вавилон олзлогдлоо,
Бел ичгүүр болж,
Мардук эвдэрч нурлаа.
Хөргүүд нь ичгүүр болж,
Шүтээнүүд нь эвдэрчээ”
3Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэрээр газар нутгийг нь айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугчгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтана!
4Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд мөн Иудагийн хөвгүүд ч бас ирнэ. Тэд уйлсаар явж, Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэх болно гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сионд очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.
6Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ.
Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ.
Тэд тэднийг уулсаас эргүүлсэн.
Тэд уулсаас толгод уруу явж,
Амрах газраа мартсан билээ.
7Тэдэн дээр ирсэн бүхэн
тэднийг залгив.
Тэдний дайснууд
«Бид буруугүй,
Учир нь тэд жинхэнэ Хоньчин,
Эзэний эсрэг,
Эцэг өвгөдийнхөө Найдварын эсрэг
Нүгэл үйлдсэн» гэж хэлжээ.
8Вавилоны дундаас тэнүүчил, халдеичуудын нутгаас урагш яв. Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай.#Илч 18:4 9Учир нь үзэгтүн, Вавилоны эсрэг агуу үндэстнүүдийн бүлгийг Би умард нутгаас босгон авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамууд зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт болно. 10Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно.
Түүнийг тоногч бүгд ханах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.
11“Өв залгамжлалыг минь тоногчид оо,
Та нар баяр хөөртэй, баясан байгаа тул
Тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж,
Азарганууд мэт янцгаадаг тул,
12Эх чинь ихэд ичиж,
Чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана.
Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж,
Цөл, гандаж хатсан, зэлүүд газар болно.
13ЭЗЭНий дургүйцлээс болж
Тэрээр оршин суугчтай болохгүй,
Харин бүрэн эзгүйрэх болно.
Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж,
Бүх шархнаас нь болж шогшрох болно.
14Нумаа татдаг та бүхэн
Вавилоны эсрэг тал бүрд
Тулалдааны шугамаа зурцгаа.
Түүнийг харва,
ЭЗЭНий эсрэг тэрээр нүгэл үйлдсэн тул
Сумаа бүү хямгад.
15Түүний эсрэг тал бүрд
Тулалдааны хашхираанаа өндөрсгө!
Тэрээр бууж өгч,
Багананууд нь унаж, хана хэрэм нь нураагдаж унав.
Энэ бол ЭЗЭНий өшөө авалт.
Түүнээс өшөө ав.
Тэрээр хэрхэн үйлдсэн шиг
Түүнд мөн түүнчлэн үйлд.
16Вавилоноос тариалагчийг,
Ургац хураах цагт хадуур баригчийг таст.
Хүн нэгбүр нь дарлагчийн илдний өмнөөс
Ард түмэндээ буцаж, нутаг уруугаа зугтах болно.
17Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ. 18Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хааныг мөн газар нутгийг нь шийтгэх гэж байна. 19Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран тэрээр Кармел ба Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт хүсэл нь хангагдах болно. 20Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
21Мератаим нутгийн эсрэг,
түүний эсрэг болон Пекодын оршин суугчдын эсрэг яв.
Тэднийг алж, бүрмөсөн устга” гэж ЭЗЭН айлдаж байна.
“Миний та нарт тушаасан бүхний дагуу үйлд.
22Тулалдааны дуу чимээ болон их сүйрэл нутагт байна.
23Бүхий л дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа!
Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо!
24Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөд
Өөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа.
Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа.”
25ЭЗЭН зэвсгийн сангаа онгойлгож,
Дургүйцлийнхээ зэвсгийг гаргалаа.
Халдеичуудын нутагт үйлдэх ажил
Түг түмдийн БУРХАН Эзэнд бий.
26Түүн дээр хамгийн алсын хязгаараас ир.
Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган түүнд юуг ч бүү үлдээ.
27Бүх залуу бухыг нь илдэнд өг.
Тэднийг нядлуулахаар явуул!
Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.
28Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу
Сүмийнх нь төлөө өшөө авалтыг
Сионд зарлахын тулд Вавилон нутгаас
Оргодлуудын бас дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.
29Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүнийг дууд.
Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга.
Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл.
Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд.
Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг,
Израилийн Ариун Нэгэний эсрэг давлиун хандсан.#Илч 18:6
30Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж,
бүх дайчин нь тэр өдөр чимээгүй болгогдоно гэж ЭЗЭН тунхаглаж байна.
31“Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн,
Би чиний эсрэг байна” гэж
Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.
“Учир нь Надаар шийтгүүлэх цаг, өдөр чинь ирэв.
32Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана.
Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно.”
33Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Израилийн хөвгүүд, Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ.
Тэднийг олзолсон бүхэн тэднийг чанга барьж, тэднийг явуулахаас татгалзав.
34Тэдний Аврагч нь хүчтэй,
Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг.
Тэрээр дэлхийд амралтыг,
Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд
Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.
35Халдеичуудын эсрэг,
Вавилоны оршин суугчдын эсрэг,
Түшмэд, мэргэдийнх нь эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
36“Худал зөнч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно!
Хүчит эрсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!
37Морьд ба тэрэгнүүдийнх нь
Бас түүний дунд буй бүх харийнхны эсрэг
Илд ирнэ, тэд эмэгтэйчүүд болно!
Эрдэнэсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.
38Усан дээр нь ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно!
Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд
Айдас хүйдэс дотор тэд ухаанаа алдсан.
39Тиймээс цөлийн амьтад цөөвөр чононуудын#50:39 эсвэл чөтгөр ба бузар сүнстэй хамт хамт амьдарна.
Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд
Тэр газар дахиж оршин суугчтай болохгүй,
Эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.#Илч 18:2
40Бурхан, Содом болон Гоморраг
Хөршүүдийнх нь хамт хөмрүүлсэн үеийнх шиг
Тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй” гэж
ЭЗЭН айлдаж байна.#Эх 19:24–25
41“Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд
Агуу их үндэстэн болон олон хаад
Дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.
42Тэд нум, жад барьдаг.
Тэд харгис хэрцгий бөгөөд
Ямар ч өршөөл үзүүлдэггүй.
Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг.
Вавилоны охин оо, чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт
Тэд жагсан, морьдоо унадаг.
43Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод,
гар нь сул унжина.
Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйн өвчин шаналал шиг
Зовлон шаналан түүнийг зуурч авав.
44Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас арслан мэт нэгэн нь гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв. 45Тиймээс Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно. 46Вавилонд олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.
Currently Selected:
Иеремиа 50: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.