Иеремиа 3
3
Итгэлгүй Израиль
1“Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж,
Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол
Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү?
Тэр нутаг бүрмөсөн бохирдсон бус уу?
Гэвч чи олон амрагтай янхан юм.
Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2“Зэлүүд өндөрлөгүүд уруу нүдээ өргөн хар даа.
Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ?
Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж,
Энэ нутгийг садарлалаараа бас хилэнцэт явдлаараа бузартуулав.
3Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй.
Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.
4Чи дөнгөж сая Над уруу хандахдаа
«Эцэг минь, Та миний залуугийн найз.
5Тэр үүрд уурлан хилэгнэх үү?
Тэр эцэс хүртэл унтууцах уу?» гэсэн бус уу?
Үзэгтүн, чи муу зүйлсийг ярьж үйлдсэн бөгөөд
өөрийнхөө замаар явжээ.”
Гэмшлийн дуудлага
6Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад “Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэндээ завхайрав.#2Ха 22:1—23:30; 2Шс 34:1—35:27 7«Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэр Над уруу буцаж ирнэ» гэж Би бодсон боловч тэр буцаж ирсэнгүй. Харин итгэл эвдэгч эгч Иуда нь үүнийг харжээ. 8Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, салсны гэрчилгээ өгсөн боловч итгэл эвдэгч эгч Иуда нь эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов. 9Садарлалаа их зүйлд тооцоогүй тул газар нутгийг бузарлаж, чулуу, модтой тэр завхайрав. 10Гэтэл энэ бүгдийг үл харгалзан итгэл эвдэгч эгч Иуда нь бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 11ЭЗЭН айлдахдаа “Итгэлгүй Израиль өөрийгөө итгэл эвдэгч Иудагаас илүү зөвт болохоо батлав. 12Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ
«Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
«Би чам уруу уурлан харахгүй.
Учир нь Би энэрэнгүй» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
«Би үүрд уурлахгүй.
13Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж,
Ногоон мод бүрийн дор харийнханд таалалаа өгч,
Чи дуу хоолойг минь дагаагүй
гэм буруугаа улай» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
14«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
«Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нараас,
Хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна.»
15Тэгээд зүрхийг минь дагадаг, та нарыг мэдлэг оюун ухаанаар тэжээх хоньчдыг Би та нарт өгнө. 16Энэ нь та нар газар нутагт үржиж, олон болсон үед биелнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд дахин «ЭЗЭНий гэрээний авдар» гэж хэлэхгүй. Тэр нь санаанд ч орохгүй, түүнийг тэд бодох ч үгүй, үгүйлэх ч үгүй мөн тэр нь дахиад хийгдэхгүй. 17Тэр үед тэд Иерусалимыг «ЭЗЭНий Сэнтий» гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалимд цугларна. Тэд цөвт муу зүрхнийхээ зөрүүд занг дахин дагахгүй. 18Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно.” 19Тэгэхэд Би
Та нарыг хүүхдүүдийнхээ дунд байлган
Үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв,
Тааламжит нутгийг та нарт Би хэрхэн өгөх билээ! гэв.
Би хэлэхдээ “Чи Надаас эргэж буцахгүй
Намайг Эцэг минь гэж дуудна” гэв.
20Эмэгтэй хүн итгэл эвдэн амрагаа орхидгийн адил,
Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
21Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу
Израилийн хөвгүүдийн гуйх ба уйлах нь сонсогдож байна.
Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан.
22“Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн.
Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно.”
Харагтун, Та бидний Бурхан ЭЗЭН тул
Тан уруу бид ирдэг.
23Үнэндээ толгод болон уулс дээрх үймээн хоосон юм.
Үнэндээ Израилийн аврал нь
Бурхан ЭЗЭНий маань дотор билээ.
24Харин бидний эцэг өвгөдийн хүч хөдөлмөр болох үхэр, хонин сүрэг бас тэдний хөвгүүд охидыг бидний залуу үеэс ичгүүрт зүйл залгижээ. 25Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид бас эцэг өвгөд маань залуугаасаа өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг ч дагаагүй билээ.
Currently Selected:
Иеремиа 3: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.