YouVersion Logo
Search Icon

Исаиа 49

49
Зарцын үйлчлэл
1Эргийн орнууд аа, Намайг сонсогтун.
Алс холын хүмүүс ээ, анхаарагтун.
Хэвлийд байхаас минь
ЭЗЭН Намайг дуудсан.
Эхийнхээ умайд байхаас л
Нэрийг минь Тэр дурдсан.#Иер 1:5
2Амыг минь хурц илд мэт болгож,
Мутрынхаа нөмөрт Намайг далдалж,
Шилмэл сум мэт болгон,
Саадаг дотроо Тэр Намайг нуусан.
3Тэр Надад
“Израиль аа. Чи Миний зарц.
Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна” гэж айлдав.
4Харин Би
“Дэмий хөдөлмөрлөж, хүчээ юунд ч биш, хоосон зарцуулжээ, Би.
Гэвч үнэхээр шударга ёс минь ЭЗЭНтэй хамт,
Шагнал минь Миний Бурхантай хамт юм” гэсэн.
5Иаковыг Өөртөө буцаан авчирч,
Израилийг Өөртөө цуглуулахын тулд
Намайг эхийн хэвлийгээс зарцаа болгосон
ЭЗЭН одоо ингэж айлдаж байна.
(Би ЭЗЭНий мэлмийд алдар хүндтэй,
Бурхан минь Миний хүч болсон.)
6Тэр “Иаковын овгуудыг босгон,
Израилийн нөөцлөгдөн үлдэгсдийг сэргээхийн тулд
Чи зарц минь байх нь өчүүхэн хэрэг.
Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд
Би Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.#Иса 42:6; Лк 2:32; Үйл 13:47, 26:23
7Хүн бүхэнд жигшигдсэн,
Үндэстнүүдэд басамжлагдсан,
Захирагчдын зарцад хандан
Израилийн Аврагч, Ариун Нэгэн, ЭЗЭН
Ингэж айлдаж байна.
“Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж
Хаад үзээд босно, ноёд ч сөгдөж мөргөнө.”
Сионы хүүхдүүд буцна
8ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Тааламжтай цагт Би Чамд хариулж,
Авралын өдөр Би Чамд тусалсан.
Би Чамайг сахин хамгаалах бөгөөд
Газрыг дахин сэргээж,
Сүйтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд
Чамайг ард түмний гэрээний төлөө өгч,#2Ко 6:2
9Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж,
Харанхуйд оршигч хүмүүст
«Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм.
Замын дагуу тэд идээшлэн
Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно.
10Тэд өлсөхгүй, цангахгүй,
Аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй.
Учир нь Энэрэгч нь тэднийг удирдах ба
Усны ундаргуудын хажуугаар дагуулна.#Илч 7:16–17
11Би бүх уулаа зам болгож,
Замууд минь өргөгдөнө.
12«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос,
Тэдгээр нь умард, өрнөдөөс
Синимийн#49:12 Синим: Египетийнн өмнөдөд байдаг, еврейчүүд олноороо суурьшсан хот. газраас бас тэдгээр нь ирнэ.»
13ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд
Зовсон хүмүүсээ энэрэх учир
Тэнгэр ээ, баярлан орилогтун.
Газар аа, баясагтун.
Уулс аа, бахдан дуулагтун.
14Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан.
Эзэн намайг мартсан» гэв.
15«Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж
Хэвлийнхээ хөвгүүнийг энэрэхгүй байх уу?
Хэдийгээр тэд мартаж болох ч
Би чамайг мартахгүй.
16Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн бөгөөд
Хана хэрмүүд чинь үргэлж Миний өмнө.
17Чиний хөвгүүд яарч,
Чамайг сүйтгэгч, цөлмөгчид чамаас сална.
18Харцаа өргөн эргэн тойрноо харагтун.
Тэд бүгд хамтдаа цуглан чам уруу ирж байна»
«Би амьд!» хэмээн ЭЗЭН тунхаглан
«Чи тэднийг чимэглэл мэт зүүж,
Сүйт бүсгүй мэт тэднээр гоёх болно.
19Учир нь балгас болон хоосорсон газрууд,
Сөнөсөн нутаг чинь оршин суухад хэтэрхий давчдаж,
Чамайг залгигчид холдоно.
20Эндсэнээс хойших хүүхдүүд чинь чихэнд
«Энэ нутаг надад хэтэрхий давчуу тул
Надад амьдарч болох газар өгөөч» гэж хэлнэ.
21Тэгэхэд чи зүрхэндээ
«Би хүүхдүүдээсээ хагацсан,
Хүүсэр, цөлөгдсөн болоод тэнүүлч тул
Хэн тэднийг надад төрүүлэх вэ?
Хэн тэднийг өсгөх вэ?
Үзэгтүн, би ганцаараа үлджээ.
Тэд хаана байв аа?» гэж хэлнэ.”
22Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн
Ард түмнүүдэд тугаа босгоно.
Тэд хөвгүүдийг чинь энгэртээ,
Охидыг чинь мөрөн дээрээ авчирна.
23Хаад чиний тэжээгчид,
Хатад нь чиний өрлөг эх болж,
Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн,
Хөлийн чинь тоосыг долооно.
Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир
Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.
24Хүчтэнээс олзыг нь авч,
Харгислагчийн хоригдлуудыг аварч чадах уу?
25Харин ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хүчтэнээс хоригдлуудыг нь булаан авч,
Харгислагчаас олзыг нь аварна.
Учир нь чамтай тэрсэлдэгчтэй Би тэмцэлдэж,
Хөвгүүдийг чинь аврах болно.
26Чамайг дарлагчдыг Би
Өөрсдийнх нь махаар хооллох бөгөөд
Тэд цусаа амтат дарс мэт ууж, согтоно.
ЭЗЭН Би чиний Аврагч, чиний Чөлөөлөгч,
Иаковын Хүчит Нэгэн гэдгийг
Бүх махбод мэдэх болно.”

Currently Selected:

Исаиа 49: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in