YouVersion Logo
Search Icon

Исаиа 25:1-9

Исаиа 25:1-9 АБ2013

ЭЗЭН Та миний Бурхан! Би Таныг өргөмжлөн Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа Төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв. Учир нь Та хотыг овоо, Бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, Хэзээ ч дахин сэргээгдэхгүй. Ийм учраас хүчирхэг ард түмэн Таныг алдаршуулна. Харгис үндэстнүүдийн хотууд Танаас эмээнэ. Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, Шаналсан ядууст өмөг түшиг болж, Шуурганаас хоргодох газар, Халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь Хананы эсрэг аадар, Гантай газрын халуун лугаа адил билээ. Үүлэн сүүдэр бүгчим халууныг багасгах мэт Та харийнхны үймээн шуугианыг дарав. Харгис догшины дуу номхтгогдоно. Түг түмдийн ЭЗЭН Энэхүү уулан дээрх бүх ард түмэнд Хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий Элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. Энэ уулан дээр Тэр Ард түмний нүүрний халхавч, Бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг залгина. Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин Ард түмнийхээ зэмлэлийг Бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм. Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy