YouVersion Logo
Search Icon

Хаггаи 1

1
ЭЗЭНий өргөөг босгох тушаал
1Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын эхний өдөр Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж, айлдав.#Езр 4:24—5:2, 6:14 2Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
—Энэ ард түмэн «Цаг нь болоогүй. ЭЗЭНий өргөөг барих цаг нь ч болоогүй» гэдэг. 3Тэгээд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж айлдсан нь
4Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад та нарын хувьд гоёмсог гэртээ суух цаг нь мөн гэж үү? 5Иймээс одоо, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
—Өөрсдийн зам мөрийг хянагтун! 6Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.
7Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
—Өөрсдийн зам мөрөө хянагтун! 8Уул өөд явж, мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл Би үүнийг чинь таашаан, алдаршуулагдах юм гэж ЭЗЭН айлдаж байна.
9Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн.#1:9 эсвэл Би ялзруулсан. Яагаад? Түг түмдийн ЭЗЭН тунхаглах нь
—Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна. 10Тэгэхээр та нараас болж, тэнгэр шүүдрээ татаж, газар үр шимээ зогсоосон. 11Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хүч хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв. 12Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа нар үлдсэн бүх ард түмнийхээ хамт Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолой ба Түүний илгээсэн эш үзүүлэгч Хаггаин үгийг дуулгавартай дагав. Ард түмэн ЭЗЭНээс эмээж байлаа. 13Тэгээд ЭЗЭНий элч Хаггаи ЭЗЭНий захиасыг ард түмэнд дамжуулан
—Би та нартай хамт байдаг гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв. 14Ингээд ЭЗЭН, Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабелын сүнсийг, тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуагийн сүнсийг, үлдсэн бүх ард түмний сүнсийг хөдөлгөлөө. Тэд ирж, өөрсдийн Бурхан түг түмдийн ЭЗЭНий өргөөн дээр ажиллав. 15Энэ нь Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын хорин дөрвөнд болжээ.

Currently Selected:

Хаггаи 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in