Езекиел 17
17
Хоёр бүргэд ба усан үзмийн мод
1ЭЗЭНий үг надад ирж,
— 2Хүний хүү чи, Израилийн гэрт тааврыг таалгаж, сургаалт зүйрлэлийг өгүүлэн 3“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов. 4Тэр түүний залуу мөчрүүдийн оройг таслан авч, түүнийг наймаачдын газарт авчрав. Тэр түүнийг худалдаачдын хотод тавив. 5Тэрээр газрын зарим үрийг авч, түүнийг үржил шимтэй талбайд суулган түүнийг их усны дэргэд тавив. Тэр түүнийг уд мод адил байлгав. 6Дараа нь тэр нахиалж, бүргэд уруу нь чиглэсэн мөчрүүдтэй намхан саглагар усан үзмийн мод болжээ. Харин түүний үндэс бүргэдийн дор үлдэв. Ийнхүү тэр нь усан үзмийн мод болж, салаануудыг гаргаж, мөчрүүдийг сунгажээ. 7Гэвч том далавчтай, их өдтэй өөр нэг маш том бүргэд байв. Харагтун, тэр бүргэдээр услуулахаар энэ усан үзмийн мод түүний зүг үндсээ хандуулж, өөрийн таригдсан мандлаас мөчрүүдээ тэр бүргэдийн зүг сунгав. 8Мөчрүүдийг ургуулж, жимснүүдийг гарган гайхмаар сайхан усан үзмийн мод болохын тулд энэ нь элбэг усны дэргэд шимтэй газарт суулгагдсан шүү дээ»” хэмээгтүн. 9Хэлэгтүн, “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр мод өтгөн ургах уу? Тэр бүргэд түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, гөлөглөн гарах бүх нахиа нь гандах юм. Түүнийг үндсээр нь сугалахад ямар ч агуу хүч, олон хүн хэрэггүй байх болно. 10Харагтун, тэр таригдсан боловч өтгөн ургах уу? Дорнын салхи түүнийг цохиход л тэр нь бүрмөсөн хатаж, ургасан мандалдаа хатах бус уу»” гэжээ.
11Үүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж
— 12Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав.#2Ха 24:15–20; 2Шс 36:10–13 13Тэрээр хааны үр удмаас нэгийг авч, түүгээр тангараг тавиулж түүнтэй гэрээ байгуулжээ. (Тэр бас уг газрын хүчтэнүүдийг аваад явав.) 14Энэ нь уг хаанчлалыг доройтуулж, тусгаар тогтнуулахгүй, гэрээг сахиж байж л оршин тогтнохоор болгохын тулд юм. 15Гэтэл тэр түүний эсрэг тэрсэлж, морьд ба олон цэргийг авахын тулд элч нарыг Египет уруу илгээв. Тэр амжилт олох уу? Ийм зүйлсийг хийдэг тэр амь мултрах уу? Тэр үнэхээр гэрээг зөрчин амь мултарч чадах уу? 16Би амьд! Вавилоны хаан түүнийг сэнтийд залсан боловч тэрээр тангаргийг үл тоомсорлож, гэрээг нь зөрчсөн учир тэр хааны нутаг болох Вавилонд түүнтэй хамт байж, үхэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 17“Олон амийг таслахаар шороон далан овоологдож, бүслэх хана босгогдоход Фараон их цэрэг ба агуу чуулганыхаа хамтаар, түүнд дайн хийхэд нь туслахгүй. 18Тэрээр гэрээг зөрчин тангаргийг үл тоомсорлов. Харагтун, тэрээр гар барьсан боловч энэ бүх зүйлийг үйлдэв. Тэрээр амь үл мултарна” гэв. 19Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Би амьд! Түүний жигшсэн Миний тангараг, түүний зөрчсөн Миний гэрээг Би түүний толгой дээр оноох болно. 20Би түүний дээр тороо дэлгэж, тэр урхинд минь баригдах болно. Дараа нь Би түүнийг Вавилон уруу аваачин Миний эсрэг үйлдсэн үнэнч бус үйлдлийнх нь төлөө тэнд түүнийг шүүх болно. 21Түүний бүх цэргийн доторх хамаг шилмэл эр илдэнд алагдаж, үлдэгсэд нь зүг бүрд тараагдана. ЭЗЭН Би айлдсаныг та нар мэдэх болно.”
Израиль мандах болно
22Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
—Би бас хуш модны сүрлэг оройгоос мөчир авч, түүнийг тарих болно. Би түүний найлзуурын хамгийн оройгоос зөөлөн мөчрийг зулгааж, өндөр, сүрлэг уулан дээр тарих болно. 23Тэр нь мөчрөө салаалуулж, жимс гарган сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүн дээр төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно. 24Би бол ЭЗЭН гэдгийг хээрийн бүх мод мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. ЭЗЭН Би айлдав. Би үүнийгээ гүйцэлдүүлнэ.
Currently Selected:
Езекиел 17: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.