YouVersion Logo
Search Icon

Гэтлэл 14

14
Улаан тэнгисийг гатлав
1ЭЗЭН Мосед айлдан
2Эргэж, Мигдол ба тэнгисийн дунд, Пи-хахиротын өмнө буудалла гэж чи Израилийн хөвгүүдэд хэл. Та нар Баал-зефоны харалдаа эсрэг талд далайн эрэгт буудалла. 3Фараон, Израилийн хөвгүүдийг “Тэд нутаг төөрч, цөлд мухардсан” гэж бодно. 4Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв. 5Ард түмэн зугтсан тухай Египетийн хаанд хэлсэнд Фараон болон түүний түшмэдийн зүрх ард түмний эсрэг болон хувирч, тэд
—Бид Израилийг өөрсдөдөө үйлчлүүлэлгүй явуулснаараа юу хийчих нь энэ вэ? гэцгээв. 6Фараон тэрэгт цэргээ бэлтгэж, хүмүүсээ авав. 7Зургаан зуун шилдэг тэрэгт цэрэг болон Египетийн бүх тэрэгт цэргийг тусбүрийнх нь даргатай хамт тэр авав. 8ЭЗЭН, Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор#14:8 эсвэл Эзэний хамгаалалт дор явж байлаа. 9Египетчүүд буюу Фараоны бүх морьд, тэрэгт цэрэг, морьтонгууд, нийт цэрэг нь израильчуудыг хөөв. Баал-зефоны өмнө талд, Пи-хахиротын хажууд далайн эрэгт буудаллаж байхад нь египетчүүд тэднийг гүйцэж ирэв. 10Фараоныг ойртон ирэх үед египетчүүд хойноос нь хөөн ирж явааг Израилийн хөвгүүд харлаа. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭНд хандан хашхирцгаав. 11Тэд Мосед
—Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ? 12Бид Египетэд “Биднийг орхи. Бид египетчүүдэд үйлчилж л байя” гэж танд тэр үед хэлээгүй бил үү? Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм гэцгээв.
13Мосе ард түмэнд
—Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. 14ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай! гэж хэлэв. 15ЭЗЭН, Мосед
—Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл. 16Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ. 17Харин Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэрэг, түүний тэрэгт цэрэг болон морин цэргүүдээр дамжин алдарших болно. 18Би, Фараон болон түүний тэрэгт цэрэг, түүний морин цэргүүдээр дамжин алдаршихад Намайг ЭЗЭН гэдгийг египетчүүд мэдэх болно гэж айлдав. 19Израилийн хуарангийн өмнө явж байсан Бурханы тэнгэрэлч хөдөлж, тэдний ард очлоо. Үүлэн багана тэдний өмнөөс хөдөлж, тэдний ард зогсов. 20Үүлэн багана Египетийн хуаран ба Израилийн хуарангийн хооронд орж зогссонд нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй. 21Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав. 22Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.#1Ко 10:1–2; Евр 11:29 23Египетчүүд араас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгт цэрэг ба морин цэргүүд тэдний араас далай уруу оров. 24Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргийг үзээд, тэднийг самууралд оруулав. 25Тэрээр зэвсэгт тэрэгнүүдийнх нь дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд
—Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.
Мөшгөгсөд живэв
26ЭЗЭН, Мосед
—Далай дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгт цэрэг, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун гэв. 27Мосе далай дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН, египетчүүдийг далайн дунд живүүлэв. 28Ус буцан ирж, тэрэгт цэрэг ба морин цэргүүд буюу израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд тэднээс нэг нь ч үлдсэнгүй. 29Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. 30Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсыг Израиль харав. 31Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн ЭЗЭН хийгээд Түүний зарц Мосед итгэв.

Currently Selected:

Гэтлэл 14: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy