YouVersion Logo
Search Icon

Даниел 4

4
Небухаднезарын удаах зүүд
1Небухаднезар хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд
—Та нарт амар амгалан бялхах болтугай! 2Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь сайн гэж би бодлоо.
3Тэмдгүүд нь ямар агуу вэ!
Гайхамшгууд нь ямар хүчирхэг вэ!
Хаанчлал нь үүрдийн хаанчлал,
Ноёрхол нь үеэс үед оршино.
4Небухаднезар би өөрийн гэрт амгалан сууж, орд харшдаа жаргалтай байлаа. 5Намайг хиртхийлгэсэн нэгэн зүүд би зүүдлэв. Тэрхүү орон дахь төсөөлөл, толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа. 6Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны хамаг мэргэдийг миний өмнө авчрах зарлиг би гаргав. 7Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлгөчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй. 8Эцэст нь Даниел өмнө минь ирэв. Тэр миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн, ариун бурхдын сүнстэй нэгэн юм. Түүнд би зүүдээ хэлэхдээ 9“Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа мөн ямар ч нууц чамайг мухардуулдаггүйг би мэдэх хойно, миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь надад хэлж өгөгтүн.
10Би орондоо байхад толгой дахь үзэгдлүүд минь ийм байлаа.
Намайг харж байтал, харагтун,
Дэлхийн голд нэгэн мод байв
Асар өндөр агаад агуу ажээ.
11Тэр мод сүглийн ургаж, хатууран бүдүүрээд,
Өндөр нь тэнгэрт хүрч,
Дэлхийн хязгаараас ч харагдахаар томров.
12Навчис нь сайхан, үр жимс нь элбэг
Дээр нь байгч бүхний хүртээл болж
Доор нь хээрийн араатнууд сүүдэр олж,
Мөчирт нь огторгуйн шувууд үүрлээд,
Махбодтой бүхэн түүнээс хооллов.
13Би орондоо байхдаа толгой дахь үзэгдэлээ харахад тэнгэрээс нэгэн ариун сахиулсан#4:13 Тэнгэрэлч мэт харуул. бууж ирэв.
14Тэрээр чангаар хашхирч
«Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга.
Навчсыг нь сэгсрэн унагаж,
Үр жимсийг нь тараан хая.
Араатнуудыг доороос нь хөөж,
Шувуудыг мөчрөөс нь үргээ.
15Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ.
Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж,
Хээрийн өвсөн дунд байлга.
Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж,
Араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг.
16Зүрх нь хүнийхээс өөрчлөгдөн
Араатны зүрх түүнд өгөгдөж,
Тийнхүү долоон цаг үе түүн дээгүүр өнгөрөг.
17Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд
Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр.
Хамгийн Дээд Нэгэн нь
Хүн төрөлхтний хаанчлалыг захирч,
Хүссэн хүндээ түүнийг өгч,
Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг
Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм»
гэв. 18Небухаднезар хаан миний үзсэн зүүд энэ юм. Миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад мэдүүлж чадаагүй болохоор одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Ариун бурхдын сүнс чамд байгаа учир харин чи чадна хэмээв.”
Даниел зүүдийг тайлбарлав
19Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой. 20Хаан таны үзсэн тэр мод буюу сүглийн ургаж, хатууран бүдүүрч, өндөр нь тэнгэрт тулж, бүх дэлхийн хязгаарт ч харагдахаар болсон агаад 21навчис нь сайхан, үр жимс нь элбэг, бүгдэд хүрэлцэхээр идээ болдог бас хээр талын араатнууд доор нь амьдарч, огторгуйн шувууд мөчир дээр нь сууцгаасан тэр мод бол 22аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн. 23Хааны харсан ариун сахиулсан тэнгэрээс бууж ирээд «Модыг цавчиж устга. Зөвхөн түүний хожуулыг үндэснүүдтэй нь газарт үлдээж, харин төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн өвсөн дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, хээр талын араатнуудтай хамт долоон цаг үе өнгөртөл байг» гэж хэлсэн. 24Аяа хаантан, тайлал ийм байна. Эзэн хаанд минь ирсэн Хамгийн Дээд Нэгэний зарлиг энэ билээ. 25Та хүмүүсээс хөөгдөж, орших газар тань хээр талын араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ та энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөнө. 26Модны хожуулыг үндэснүүдтэй нь үлдээ гэсэн тушаал өгөгдсөнөөр, Тэнгэр захирдаг гэдгийг ухаарсны дараа хаанчлал тань үлдэж тогтох юм. 27Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй” гэв.
Небухаднезарын гутамшигт өдрүүд
28Энэ бүхэн Небухаднезар хаанд биелэв. 29Арван хоёр сарын дараа тэрээр Вавилоны орд харшийн дээвэр дээр алхаж байлаа. 30Хаан “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ. 31Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэгэн дуу гарч, “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хаанчлал чамаас зайлсан. 32Чи хүмүүсээс хөөгдөж, орших газар чинь хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ чи энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөх болно” гэв. 33Тэр даруй Небухаднезарын талаарх энэ үг биелэлээ олжээ. Тэрээр хүмүүсээс хөөгдөж, үхэр мэт өвс идэж эхлэн, үс нь бүргэдийн өд мэт, хумс нь шувууны савар мэт ургах хүртэл бие нь тэнгэрийн шүүдэрт норжээ.
Бурханыг Небухаднезар магтав
34Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв.
Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл,
Түүний хаанчлал үеэс үед оршино.
35Газар дэлхийн бүх оршин суугч
Юу ч биш гэж тооцогддог.
Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч,
Газар дэлхийн суугчдад ч
хүслээрээ үйлддэг.
Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй,
“Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.
36Тэр үед саруул ухаан маань надад эргэн иржээ. Миний хаанчлалын алдрын төлөө нэр алдар, сүр жавхлан надад эргэн ирэв. Зөвлөгчид, ихэс дээдэс маань намайг эрэлхийлжээ. Ийнхүү би хаанчлалдаа дахин сууж, агуу байдал надад улам нэмэгдэв. 37Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.

Currently Selected:

Даниел 4: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy