YouVersion Logo
Search Icon

Даниел 3

3
Алтан хөрөг
1Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов. 2Тэгээд Небухаднезар хаан босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар мужийн захирагч, харгалзагч ноён, засаг ноён, улсын шүүгч, жасын нярав, хуулийн зөвлөх, хуулийг сахиулагчид буюу бүх мужийн түшмэдийг цуглуулахаар илгээжээ. 3Ингээд мужийн захирагч, харгалзагч ноён, засаг ноён, улсын шүүгч, жасын нярав, хуулийн зөвлөх, хууль сахиулагчид буюу бүх мужийн түшмэд Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов. 4Тунхагч чангаар хашхиран
—Ард түмэн, үндэстэн ба хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ. 5Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц түрүүлгээ унан Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн. 6Харин унаж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв. 7Тиймээс ард түмэн бүгдээр бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстэн ба хэлтнүүд түрүүлгээ харан унаж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв. 8Тэр үед халдеичуудын зарим нь ойртон ирж, иудейчүүдийг буруушаав. 9Тэд Небухаднезар хаанд хариулан хэлэхдээ
—Аяа хаантан, мөнх насалтугай! 10Аяа хаантан, та бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүр түрүүлгээ унаж, алтан хөрөгт мөргөх зарлиг гаргасан билээ. 11Харин унаж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях болно гэсэн. 12Вавилоны мужийн удирдлагыг хариуцуулан таны томилсон Шадрах, Мешах, Абеднего зэрэг зарим иудейчүүд бий. Өө хаантан, энэ эрчүүд танд анхаарал хандуулахгүй байна. Мөн бурхдад тань эс үйлчлэн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй байна гэв. 13Тэгэхэд, цухалдан хилэгнэсэн Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг авчрахыг тушаасанд эрчүүд хааны өмнө хүргэгдэн ирэв. 14Небухаднезар тэдэнд
—Шадрах, Мешах, Абеднего нар аа, та нар бурхдад минь үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөөгүй нь үнэн үү? 15Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайн сан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ? гэв. 16Шадрах, Мешах, Абеднего нар хаанд хариулан,
—Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй. 17Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна. 18Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй гэв.
Галт зуух
19Тэгэхэд Небухаднезар хилэнд автаж, Шадрах, Мешах, Абеднего нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг галлах ёстойгоосоо долоо дахин илүү галлахыг тэрээр тушаав. 20Шадрах, Мешах, Абеднего нарыг хүлээд, дүрэлзсэн галтай зууханд хаяхыг цэргийнхнийхээ дотроос хамгийн тэнхээтэй дайчдад тэр тушаав. 21Тэгээд эдгээр эрсийг дээл, өмд, толгойн өмсгөл, бусад бүх хувцастай нь хүлж, дүрэлзсэн галтай зууханд хаяв. 22Хааны тушаал шавдуу, зуух хэт халуун байсан учраас Шадрах, Мешах, Абеднего нарыг авчирсан эрсийг галын дөл шатааж алав. 23Харин Шадрах, Мешах, Абеднего гэх эдгээр гурван эр хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зууханд унажээ. 24Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр дээд түшмэддээ
—Бид гурван эрийг хүлж, гал уруу хаясан биш үү? гэсэнд тэд хаанд хариулан
—Тийм ээ, хаантан гэв. 25Хаан хариулан
—Хараач! Хүлээсгүй, дөрвөн хүн гал дунд явааг би харж байна. Тэд гэмтээгүй байна. Дөрөв дэх нь бурхдын#3:25 эсвэл тэнгэрэлч; эсвэл бурхдын хүү; эсвэл Бурхан Хөвгүүн төрхтэй юм гэв. 26Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аманд ойртож очоод,
—Хамгийн Дээд Бурханы зарц Шадрах, Мешах, Абеднего нар аа, гараад ир, нааш ир гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абеднего нар гал дундаас гарч ирэв. 27Бүх аймгийн удирдагч, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, гал энэ эрсийн биед ямар ч нөлөөгүй байсныг харав. Үс нь ч хуйхлагдаагүй, дээл нь ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй. 28Небухаднезар
—Шадрах, Мешах, Абеднего нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэрэлчээ илгээж, Өөрт нь итгэн, хааны тушаалыг зөрчиж, Бурханаасаа өөр ямар ч бурханд үйлчлэх ч үгүй, мөргөх ч үгүйгээр биеэ тушаан өгсөн зарц нараа аварсан билээ. 29Тиймээс Шадрах, Мешах, Абеднего нарын Бурханы эсрэг хайш яйш юм ярих аливаа ард түмэн, үндэстэн ба хэлийг хэсэглэн цавчиж, гэрийг нь үнсэн товрог болгох зарлигийг би буулгаж байна. Учир нь ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв. 30Ингээд хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг Вавилоны мужид тушаал дэвшүүлэв.

Currently Selected:

Даниел 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in