YouVersion Logo
Search Icon

2Самуел 5

5
Давид бүх Израилийн хаан болов
(1Шс 11:1–9; 14:1–7)
1Израилийн бүх овог Хебронд байсан Давид дээр ирж
—Харагтун, бид таны яс махны тасархай билээ. 2Урьд Саулыг бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж гардаг байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан гэж хэлэв. 3Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов. 4Давид гучин насандаа хаан болж, дөчин жил хаанчлав.#1Ха 2:11; 1Шс 3:4, 29:27 5Тэр, Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ.
Хаант улсын нийслэл Иерусалим
6Хаан өөрийн эрчүүдийн хамт нутгийн уугуул оршин суугчид болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд тэд Давидад
—Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа.#Иош 15:63; Шүү 1:21 7Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм. 8Тэр өдөр Давид
—Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын амийг үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Эл учир “Сохор, доголон нь гэрт орж болохгүй” гэж хэлдэг болжээ.#5:8 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус. 9Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив. 10Түг түмдийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ.
11Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт илгээж тэд Давидад гэр барьж өгөв. 12ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ.
13Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр ба татвар эм авав. Давидад өөр олон хөвгүүд, охид төрөв. 14Иерусалимд төрсөн түүний хүүхдүүдийн нэрс нь Шаммуа, Шобаб, Натан, Соломон, 15Ибхар, Елишуа, Нефег, Иафиа, 16Елишама, Елиада, Елифелет нар юм.
Филистчүүдийн дайралт няцаагдав
(1Шс 14:8–17)
17Давид хамаг Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод филистчүүд бүгдээрээ Давидыг хайж ирэв. Харин Давид энэ тухай сонсоод бэхлэлт уруу хөдөлжээ. 18Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийгөөр тархан байрлав. 19Тэгэхэд Давид, ЭЗЭНээс
—Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад
—Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав. 20Ингээд Давид Баал-перазимд#5:20 Баал-перазим: евр. “Эзэн зад татав” гэсэн утгатай. ирж, тэнд тэднийг хиаруулав. Тэр
—ЭЗЭН миний өмнө дайснуудыг минь үерийн ус мэт зад татлаа гэв. Тиймээс тэр газар Баал-перазим гэж нэрлэгджээ. 21Филистчүүд тэнд шүтээнүүдээ орхин зугтаасанд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа. 22Филистчүүд дахин ирээд, Рефаимын хөндийд тархан байрлав. 23Давид ЭЗЭНээс лавлахад Тэрээр түүнд
—Чи шууд явж очиж болохгүй. Тэдний араар тойрч ялам модны төглийн өмнө тэднийг дайр. 24Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи яарагтун. Учир нь филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө ЭЗЭН гарсан байна гэлээ. 25Давид өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг бут цохив.

Currently Selected:

2Самуел 5: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in