YouVersion Logo
Search Icon

2Шастир 2

2
ЭЗЭНий өргөөний бэлтгэл ажил
(1Ха 5:1–18)
1Соломон ЭЗЭНий нэр алдарт зориулсан өргөөг, мөн өөрийнхөө хаант засгийн ордонг босгохоор шийджээ. 2Иймээс ачаа зөөх далан мянга, ууланд чулуу бэлтгэх наян мянга, тэднийг хянах гурван мянга зургаан зуун хүнийг Соломон томилов.
Тирийн Хурамтай хамсав
3Тэгээд Соломон, Тирийн хаан Хурамд үг илгээн
—Та миний эцэг Давидад сайн хандаж, амьдрах өргөө барихад нь зориулан хуш мод илгээж байсан билээ. 4Үзэгтүн, Бурхан ЭЗЭНийхээ нэрд зориулахаар, өглөө орой, Амралтын өдрүүд, шинэ сар мөн манай Бурхан ЭЗЭНий баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэрт утлага ба байнгын тавиг талхыг өргөж, шатаалт тахилууд тахихын тулд Түүнд би өргөө босгож байна. Энэ нь Израильд мөнхөд ногдсон билээ. 5Манай Бурхан бүх бурхнаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх ёстой. 6Гэвч тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй байхад Түүнд зориулан хэн өргөө барьж чадах юм бэ? Түүний өмнө утлага уугиулахаас биш, Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ?#1Ха 8:27; 2Шс 6:18 7Тиймээс алт, мөнгө, хүрэл, төмөр болон хөх ягаан, хүрэн улаан, нил яагаан бөс, зотонгоор юм хийх ур чадвартай, сийлбэр сийлэхийг мэддэг хүнийг надад илгээнэ үү? Миний эцэг Давидын бэлтгэсэн, Иуда, Иерусалимд байгаа миний урчуудын хамт тэр хүн чинь ажиллаг. 8Мөн Ливанаас хуш, майлс, улаан модод илгээнэ үү? Таны зарц нар Ливаны моддыг унагахдаа гаргууд гэдгийг би мэднэ. Миний зарц нар таны зарц нартай хамт, 9надад их хэмжээгээр гуалин бэлтгэх болно. Учир нь миний барьж буй өргөө маш сүрлэг, гайхамшигтай болой. 10Харагтун, мод тайрдаг модчингууд болох таны зарц нарт би тээрэмдсэн буудай хорин мянган кор, арвай хорин мянган кор, дарс дөрвөн зуун жаран бат, оливын тос дөрвөн зуун жаран батыг өгье гэв. 11Тирийн хаан Хурам, Соломонд захидал илгээн хариулахдаа
—ЭЗЭН ард түмнээ хайрладаг учир чамайг тэдний хаан болгожээ гэв. 12Хурам цааш нь
—ЭЗЭНд өргөө, өөртөө хаант засгийн ордон барих санаатай, хэрсүү, ухаалаг, мэргэн хүүг Давид хаанд заяагч, тэнгэр, газрыг бүтээсэн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. 13Одоо би ур чадвар, мэдлэгтэй Хурам-аби гэх хүнийг илгээе. 14Тэрээр Даны удмын нэгэн эмэгтэйн хөвгүүн бөгөөд эцэг нь тир хүн. Тэр хүн алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу, мод болон хөх ягаан, нил ягаан, цагаан маалинган, хүрэн улаан бөс даавуугаар юм хийхийг мөн ямар ч сийлбэр сийлэхийг, өөрт нь даалгасан ямар ч зүйлийг хэрхэн урлахыг мэддэг юм. Түүнийг та өөрийн урчууд болон миний эзэн, эцэг Давидынхаа урчуудтай хамт ажиллуул. 15Одоо эзэн минь амласнаараа буудай, арвай, тос, дарсыг өөрийн зарц нартаа илгээнэ үү. 16Бид танд хэрэгтэй бүх модыг Ливанаас огтолж, тэднээр сал хийж тэнгисээр хөвүүлэн Иоппад хүргээд, та тэднийг Иерусалим уруу татаж авна биз ээ гэв. 17Эцэг Давидынхаа хийсэн тооллогыг дагаад Соломон, Израилийн нутагт байсан ирмэл хүмүүсийг бүгдийг тоолсон бөгөөд зуун тавин гурван мянга зургаан зуун хүн байлаа. 18Соломон тэдний далан мянгыг нь ачаа зөөхөд, наян мянгыг нь ууланд чулуу бэлтгэхэд мөн уг хүмүүсийг ажиллуулахаар гурван мянга зургаан зуун харгалзагчийг томилов.

Currently Selected:

2Шастир 2: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy