YouVersion Logo
Search Icon

1Хаад 19

19
Елиа Иезебелээс зугтсан нь
1Елиагийн хийсэн бүх зүйлс болон тэр бүх эш үзүүлэгчдийг хэрхэн илдээр цавчин алсан зэргийг Ахаб, Иезебелд нэгбүрчлэн ярьж өгчээ. 2Тэгэхэд Иезебел, Елиад хүн илгээн
—Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол бурхад намайг шийтгэг, бүр илүү үйлдэг! гэж хэлүүлжээ. 3Елиа айн босож, амиа аврахаар зугтан Иудад харьяалагддаг Беершебад ирэв. Тэнд өөрийн зарцыг үлдээв.
4Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн
—Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.#Ион 4:3 5Тэрээр тац модны дор хэвтээд унтав. Харагтун, нэгэн тэнгэрэлч түүнд хүрч
—Бос, идэгтүн гэжээ. 6Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн бин, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв. 7ЭЗЭНий тэнгэрэлч хоёр дахь удаагаа ирээд, түүнд хүрч
—Босоод идэж ав. Учир нь энэ аялал чиний хувьд дэндүү хүнд юм гэв. 8Тэрээр босоод идэж уулаа. Тэр хоолны хүчээр дөчин өдөр дөчин шөнө Бурханы уул болох Хореб уруу явлаа. 9Елиа тэнд агуйд орж шөнийг өнгөрөөв.
ЭЗЭНий үг түүнд ирж, ЭЗЭН түүнд
—Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв. 10Тэрээр
—Би түг түмдийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна гэж өчив.#Ром 11:3
Елиа, Хоребт
11ЭЗЭН
—Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй. 12Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуухан хүнгэнэх дуу гарлаа. 13Елиа тэр дууг сонсмогц нүүрээ нөмрөгөөрөө ороон агуйн аманд гарч зогсов. Харагтун, дуу чимээ түүнд ирээд
—Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв. 14Елиа
—Би түг түмдийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нурааж, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна гэж өчив. 15ЭЗЭН түүнд
—Яв, Дамаскийн цөл уруу явах замаараа буц. Чи Хазаелыг Арамын хаанаар томилон тослох болно.#2Ха 8:7–13 16Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тосолж бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.#2Ха 9:1–6 17Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно. 18Гэсэн ч Баалд өвдөг сөгдөөгүй мөн тэдний ам түүнийг үнсээгүй долоон мянган хүнийг Би Израильд үлдээнэ гэж айлдав.#Ром 11:4
Елиша Елиаг дагалдав
19Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа, Елишагийн дэргэдүүр гарахдаа нөмрөгөө түүнд нөмөргөв. 20Елиша үхрүүдээ орхиод Елиагийн хойноос гүйн
—Би аав ээжийгээ үнсчихээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд
—Буцаад яв даа. Юуны төлөө би чамайг ингэсэн билээ? гэж хариулав.#19:20 эсвэл Яв даа, гэхдээ буцаж ирээрэй. Учир нь миний чамд хийсэн зүйл их чухал юм. 21Тэрээр Елиагаас эргэн явж, хос үхрийг авч, тахил болгон буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Үүний дараа тэрээр босож, Елиаг даган явж, түүнд үйлчлэв.

Currently Selected:

1Хаад 19: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in