1Коринт 14
14
Эш үзүүлэх ба хэл ярихуйн бэлэг
1Хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг хүсэн тэмүүл. Ялангуяа эш үзүүлэхийг. 2Хэл ярихуйгаар ярьдаг нь хүмүүст бус, харин Бурханд ярьдаг. Тэрээр нууцуудыг сүнсээр ярьдаг ч сонсон ухаарагч нь үгүй ажээ. 3Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст ярьдаг. 4Хэл ярихуйгаар ярьдаг нь өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг нь чуулганыг босгон байгуулдаг аж. 5Би та бүхнийг хэл ярихуйгаар яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Чуулган босгон байгуулагдахын тулд ярьснаа тайлбарлахгүй л бол хэл ярихуйгаар ярьдаг нэгнээс эш үзүүлдэг нь илүү агуу юм. 6Ах дүү нар аа, хэрэв би та нар дээр очиж хэл ярихуйгаар ярилаа гэхэд илчлэл эсвэл мэдлэг эсвэл эш үзүүллэг эсвэл сургаалаар ярихгүй л бол та нарт ямар тус болох билээ? 7Амьгүй атлаа дуу авиа гаргагч лимбэ ч, босоо ятга ч ялгагдахаар өнгө гаргахгүй бол лимбээр эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ? 8Хэрэв бүрээ тодорхой бус дуу авиа гаргавал хэн тулалдаанд бэлдэх вэ? 9Түүнчлэн та нар хэл ярихуйгаар ярихдаа ойлгогдох үг өгөхгүй бол юу ярьж байгааг чинь хэн мэдэх юм бэ? Та нар агаарт л ярих болно. 10Ертөнцөд олон янзын авиа байдаг. Утгагүй авиа#14:10 хэл авиа нэг ч үгүй. 11Иймээс би тухайн авианы утгыг мэдэхгүй бол ярилцагчийнхаа хувьд хэл харьтан#14:11 хэл харьтан: эсвэл баарбар юмуу варвар. Грекүүд өөр хэлтнийг ийнхүү нэрлэдэг байжээ. болж, миний хувьд ярилцагч маань хэл харьтан болно. 12Тэрчлэн та нар сүнслэг зүтгэгчид учир чуулганы босгон байгуулалтад үүгээрээ гаргууд байхыг хичээ. 13Тиймд хэл ярихуйгаар яригч нь тайлбарлахын тулд залбираг. 14Учир нь би хэл ярихуйгаар залбирвал миний сүнс залбирдаг бөгөөд харин ухаанд минь үр жимс үгүй юм. 15Тэгвэл яах вэ? Би сүнсээр залбирах болно, бас ухаанаар залбирах болно. Би сүнсээр дуулах болно, бас ухаанаар дуулах болно. 16Хэрэв чи сүнс дотор ерөөвөл хараахан сураагүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй. 17Чи талархалаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь байгуулагдахгүй. 18Би та бүгдээс илүүгээр хэл ярихуйгаар ярьдаг тул Бурханд талархдаг. 19Харин чуулган дотор хэл ярихуйгаар түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг. 20Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир болж, харин ухаанаараа төлөвшсөн бай. 21Хуульд «Би харь хэлээр болон бусдын амаар энэ ард түмэнд хандаж ярина. Тэгсэн ч тэд Намайг сонсохгүй» гэж Эзэн айлдаж байна гэж бичигдсэн байдаг.#Иса 28:11–12 22Тиймээс хэл ярихуй нь итгэгчдийн төлөө бус, үл итгэгчдийн төлөөх тэмдэг болдог аж. Эш үзүүллэг нь үл итгэгчдийн төлөө бус, харин итгэгчдийн төлөө юм. 23Тиймээс хэрэв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад, бүгд хэл ярихуйгаар яривал хараахан сураагүй хүн эсвэл үл итгэгчид орж ирээд та нарыг солиорч байна гэж хэлэхгүй гэж үү? 24Та нар бүгд эш үзүүлбэл, итгэдэггүй эсвэл хараахан сураагүй хүн орж ирээд тэрээр бүхнээр яллагдаж, бүхнээр шүүгдэх бөгөөд 25зүрхний нууцууд нь илчлэгдэнэ. Ийнхүү тэрээр нүүрээрээ унаж, Бурханд мөргөн, Бурхан та нарын дунд үнэхээр байгааг зарлана.
Эмх журамтай мөргөл хүндэтгэл
26Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тусбүрд дуулал, сургаал, илчлэл, хэл ярихуй ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг. 27Хэн нэгэн нь хэл ярихуйгаар яривал, хоёул эсвэл хамгийн ихдээ гурвуул ээлжлэн, нэг нь тайлбарлаг. 28Хэрэв тайлбарлагчгүй бол тэрээр чуулганд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг. 29Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг. 30Сууж байсан өөр нэгэнд илчлэл ирвэл эхнийх нь чимээгүй бол. 31Учир нь бүгд суралцан, урамшуулагдахын тулд та нар бүгд нэг нэгээрээ эш үзүүлж болно. 32Эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчдэд захирагддаг. 33Учир нь Бурхан бол самуурлын бус, харин амар амгалангийн Бурхан мөн. Ариун хүмүүсийн бүх чуулганы адил 34чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин хуулийн хэлдэг шиг тэд захирагдаж байг. 35Хэрэв тэд ямарваа юм сурахыг хүсвэл гэртээ нөхрөөсөө асууг. Учир нь эмэгтэй хүн чуулган дээр ярих нь ичгүүртэй. 36Бурханы үг та нараас гарсан юм уу? Эсвэл тэр нь ганцхан та нарт л хүрсэн юм уу? 37Хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч эсвэл сүнслэг гэж боддог бол тэрээр миний та нарт бичсэн зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг. 38Хэрэв хэн нэг нь үүнийг мэдэхгүй бол тэр хүн өөрөө мэдэгдэхгүй болно. 39Иймд ах дүүс [минь], эш үзүүлэхийг хүсэн тэмүүл. Хэл ярихуйгаар ярихыг бүү хоригло. 40Гэвч бүх юм зохистой, эмх журамтай байг.
Currently Selected:
1Коринт 14: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.