Еврей 12:1-17
Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн Түүнийг санагтун. Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртэлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа. Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ. “Эзэний сахилгажууллыг бүү хөнгөн үз, хүү минь, Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна. Учир нь, хайрладаг хүнээ Эзэн сахилгажуулдаг. Хүлээн авдаг хүү болгоноо Тэр ташуурддаг” гэжээ. Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ шигээ та нартай харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? Бүгдээрээ хүртсэн сахилга та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач аж. Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу? Тэд үзэмжийнхээ дагуу биднийг хэсэг зуур сахилгажуулсан бол харин Тэрээр бидний сайн сайхны төлөө сахилгажуулсан ажээ. Тэгснээр бид Түүний ариун чанарыг хуваалцах юм. Бүх сахилгажуулал нь тухайн үедээ баяр хөөр бус, харин уй гашуу мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр дасгалжсанд нь зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргаж өгдөг. Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн. Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд хөлдөө зориулж шулуун жим тавь. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой. Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил. Ууган хүүгийн эрхээ хоолоор арилжсан Есав шиг эсвэл садар самуун, олиггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил. Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Учир нь тэр, нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зай эс олсныг та нар мэднэ.
Еврей 12:1-17