Колоссай 4:1-18
Эзэд ээ, та нар тэнгэрт бас Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх. Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байгтун. Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ. Мөн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг илчлээрэй гэж залбирагтун. Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц. Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм. Миний тухай бүгдийг Эзэний дотор хайрт дүү, итгэлт үйлчлэгч, хамтран зүтгэгч зарц Тухик маань та нарт мэдэгдэх болно. Чухам иймээс тэр та нарт байдлыг маань мэдэгдэж, зүрхийг чинь тайвшруулаг хэмээн би түүнийг та нар уруу илгээв. Та нарын нэг, итгэмжит хайрт дүү Онесимийг түүний хамт явууллаа. Тэд эндхийн байдлыг та нарт бүгдийг мэдэгдэх болно. Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаар заавар авсан. Тэр та нар дээр очвол хүлээж аваарай) Иуст гэж нэрлэгддэг Есүс нар та нарт мэнд хүргэж байна. Хозлуулагсдаас эд л Бурханы хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайтгаруулсан. Та нарын нэг, Христ [Есүсийн] зарц Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиралдаа тэмцдэг. Тэр та нарын төлөө болоод Лаодикт, Хиерапольд байгаа хүмүүсийн төлөө маш их санаа тавьдаг гэж би түүнийг гэрчилж байна. Хайрт эмч Лук та нарт мэнд хүргэж байна. Дем ч бас. Лаодикт байгаа ах дүү нарт болон Нумфад, түүнчлэн тэр эмэгтэйн гэр чуулганд мэнд хүргээрэй. Энэ захиаг та нар уншаад лаодикчуудын чуулганд бас уншуулаарай. Та нар ч гэсэн Лаодикийнхыг уншаарай. Архийпт “Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь” гэж хэлээрэй. Паул өөрийн гараар энэ мэндчилгээг бичлээ. Миний хүлээсийг санаарай. Нигүүлсэл та нартай хамт байх болтугай.
Колоссай 4:1-18