РУТ 3:1-18

РУТ 3:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Хадам эх Наоми нь түүнд —Охин минь, би чамд амар жимэр байх газрыг хайж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Боаз бол манай ойрын хамаатан. Тэр л чамайг шивэгчингүүдтэйгээ байлгасан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ. Тиймээс чи биеэ угааж тослоод хамгийн гоё хувцсаа өмсөн үтрэм уруу оч! Гэхдээ чи тэр хүнийг идэж ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажаад, явж очин түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд тэр түүнд —Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв. Тэрээр үтрэмд очиж, хадам эхийнхээ зааварлан хэлсэн бүгдийг хийв. Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж, овоолсон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Шөнө дундын үед тэр хүн цочин өндийж урагш тонгойтол, хөлд нь нэгэн эмэгтэй хэвтэж байх нь тэр. Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв. Тэгтэл тэр —Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Ийнхүү үйлдсэн үнэнч үйл чинь өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян ядуу ямар ч залуу эрийн араас гүйсэнгүй. Охин минь, одоо бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Хотын бүх хүн чамайг зохистой сайн эмэгтэй гэдгийг мэднэ. Би ойрын хамаатан өв золигч чинь гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан өв золигч бас бий. Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход тэр хүн чиний төлөө өвийг зольж авбал сайн. Тэр чиний төлөө өвийг зольж аваг. ЭЗЭН амьд! Хэрэв тэр чиний төлөө өвийг золин авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг зольж авъя. Өглөө болтол хажуул гэв. Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Боаз —Үтрэмд эмэгтэй хүн ирснийг мэдэгдэж болохгүй гэв. Тэгээд хүмүүсийг бие биенээ танихаас өмнө үүрийн харанхуйгаар Рут босов. Тэгээд мөнөөх нь —Алчуураа дэлгээд надад барь гэж хэлэв. Түүнийг алчуураа дэлгэн барихад зургаан хэмжүүр арвай хэмжиж, түүнд үүрүүлэв. Ингээд тэр хот уруу явлаа. Түүнийг хадам эх дээрээ ирэхэд ээж нь —Охин минь, яав? гэхэд мөнөөх хүний өөрт нь хийсэн бүгдийг Рут түүнд хэлэв. Тэгээд Рут —Тэр хүн “Чи хадам эхдээ гар хоосон бүү оч” гээд энэ зургаан хэмжүүр арвайг надад өглөө гэв. Тэгэхэд хадам эх нь —Охин минь, энэ хэрэг хэрхэн эргэхийг харж хүлээ! Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг бүрэн шийдэхээс нааш амрахгүй гэв.

Хуваалцах
РУТ 3 унших

РУТ 3:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хадам эх Наоми нь түүнд —Охин минь, би чамд амрах газар олж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Чиний шивэгчдийнх нь хамт байсан Боаз манай хамаатан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ. Тиймээс чи биеэ угаан, тослоод, хамгийн гоё хувцсаа өмсөн, үтрэм уруу оч! Гэвч тэр хүнийг идэж, ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажиглаад, явж түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Дараа нь тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд тэр түүнд —Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв. Тэрээр үтрэм уруу очиж, хадам эхийнхээ хэлсэн бүгдийг хийв. Боаз идэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Шөнө дундын үед тэр хүн цочиж, урагшаа бөхийтөл нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв. Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч гэв. Тэгтэл тэр —Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа. Одоо охин минь, бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Учир нь хотын бүх хүн чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ. Би ойрын хамаатан гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан бий. Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход хэрэв тэр хүн чиний төлөө өвийг золин авбал сайн. Тэр чиний төлөө өвийг золин аваг. Харин тэр чиний төлөө өвийг золин авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг золин авна гэдгээ ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өглөө болтол хэвт гэв. Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Тэгээд Рут хүмүүс бие биеэ танихаас өмнө харанхуйгаар босов. Тэр —Энэ эмэгтэйг үтрэмд ирснийг мэдэгдэж болохгүй гэв. Тэр дахин —Өөрт буй нөмрөгөө надад өгөөд барь гэж хэлэв. Тэгээд түүнийг барихад зургаан хэмжүүр арвай хэмжиж, түүнд үүрүүлэв. Ингээд тэр хот уруу явлаа. Тэгээд түүнийг хадам эх дээрээ ирэхэд тэр —Охин минь, ямар болов? гэхэд мөнөөх хүний өөрт нь юу хийсэн бүгдийг Рут түүнд хэлэв. Тэгээд Рут —Тэр хүн “Чи хадам эхдээ гар хоосон очиж болохгүй” хэмээн өгүүлээд энэ зургаан хэмжүүр арвайг надад өгөв гэв. Тэгэхэд хадам эх нь —Охин минь, энэ хэрэг хэрхэн дуусахыг мэдэх хүртэл хүлээ! Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг шийдэхээс нааш амрахгүй гэв.

Хуваалцах
РУТ 3 унших