РОМ 4:1-25

РОМ 4:1-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тиймд махан биеэрээ бидний өвөг болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ? Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. Сударт юу гэж байна вэ? «Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвд тооцуулсан байна» гэдэг. Ажил хийдэг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог. Түүнчлэн Давид бас үйлсгүйгээр Бурханд зөв хэмээн тооцогдсон хүний ивээгдсэнийг ийнхүү хэлжээ. «Хууль бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй. Эзэн нүглийг нь огт үл тооцох тэр хүн ерөөлтэй» гэжээ. Тэгвэл энэ ерөөл нь хөвч хөндүүлсэн хүмүүст хамаатай юу? Эсвэл хөвч хөндүүлээгүй хүмүүст бас хамаатай юм уу? Учир нь бид «Итгэл нь Абрахамыг зөвд тооцуулсан» гэж ярьдаг. Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хөвч хөндүүлсэн байхдаа юм уу, эсвэл хөвч хөндүүлээгүй байхдаа юм уу? Хөвч хөндүүлсэн байхдаа биш, хөвч хөндүүлээгүй байхдаа юм. Абрахам хөвч хөндүүлээгүй үедээ итгэлийн зөвийн тамгаар хөвч хөндөх ёслолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хөвч хөндүүлэлгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ. Мөн хөвч хөндүүлээд зогсохгүй, бас хөвч хөндүүлээгүй байхад нь бидний эцэг Абрахамд байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хүмүүст хөвч хөндөлтийн эцэг болов. Учир нь ертөнцийн өв залгамжлагч байх болно хэмээн Абрахамд болон түүний үр удамд өгөгдсөн амлалт нь Хуулиар бус, харин итгэлийн зөвт байдлаар байсан аж. Учир нь хэрэв Хуулиар байгсад нь өв залгамжлагчид юм бол, итгэл нь хоосон болгогдсон бөгөөд амлалт устгагдсан юм. Учир нь Хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль байхгүй байна, тэнд бас зөрчил гэж байхгүй. Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үр удамд, зөвхөн Хуулийн үр удамд төдийгүй, мөн Абрахамын итгэлийн үр удамд ч баталгаатай байх юм. Абрахам бол (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ) үхэгсдэд амь өгөгч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. «Чиний үр удам ийм болно» гэж урьд нь айлдсан ёсоор тийнхүү олон үндэстний эцэг болохын тулд тэр найдах аргагүй үед найдан итгэсэн. Тэр зуугаад насалсан тул биеийнхээ бараг үхсэнийг болон Сарагийнх нь умай үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дорой болсонгүй. Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн, Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Тиймээс энэ нь түүнийг зөвт байдалд тооцуулсан ажээ. «Тэр зөвт байдалд тооцогдсон» гэж бичигдсэн нь зөвхөн түүний төлөө бус, бидний Эзэн Есүсийг үхэгсдээс амилуулсан Түүнд итгэж, зөвт байдалд тооцогдох мөн бидний төлөө билээ. Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм.

Хуваалцах
РОМ 4 унших

РОМ 4:1-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Тиймд махбодоороо өвөг маань болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ? Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. Бичвэр юу гэдэг вэ гэвэл «Абрахам, Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон» гэдэг. Ажилладаг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. Харин сүсэг бишрэлгүй хүнийг ч зөвтгөдөг Тэрээр, үйлддэггүй боловч Өөрт нь итгэдэг нэгний итгэлийг нь зөвд тооцдог. Түүнчлэн бас үйлсгүйгээр Бурханд зөв гэж тооцогдсон хүний ивээгдсэнийг Давид «Ёс бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй. Нүглийг нь Эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй» гэжээ. Тэгвэл энэ ерөөл нь хозлуулсан хүмүүст хамаатай юу? Эсвэл хозлуулаагүй хүмүүст хамаатай юм уу? Учир нь бид «Итгэлээр нь Абрахамыг зөвд тооцсон» гэж ярьдаг. Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хозлуулсан байхдаа юу, эсвэл хозлуулаагүй байхдаа юу? Хозлуулсан байхдаа бус, хозлуулаагүй байхдаа юм. Абрахам хозлуулаагүй байх үедээ итгэлийнхээ зөвийн тамгаар хозлолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хозлуулалгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ. Мөн бидний эцэг Абрахамд хозлолоос нь өмнө байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хозлуулсан хүмүүст хозлолын эцэг болов. Абрахам болон үр удам нь ертөнцийг өвлөгч болох амлалтыг хуулиар бус, харин итгэлийн зөвдлөөр хүртжээ. Хэрэв хуулиар байгсад л өв залгамжлагчид юм бол итгэл нь талаар, амлалт нь хүчингүй болохсон билээ. Учир нь хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль үгүй байна, тэнд бас зөрчил гэж үгүй. Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үрд, зөвхөн хуулийн үр удамд төдийгүй мөн Абрахамын итгэлийн үрд ч баталгаатай байх юм. Абрахам нь үхэгсдийг амилуулагч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ.) Найдварын дээд найдвараар тэр итгэсэн бөгөөд «Үр удам чинь ийм олон болно» гэж урьд нь айлдсан ёсоор түүнийг олон үндэстний эцэг болгосон юм. Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг болон Сарагийнх нь умай ч үхдэнги болсныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй. Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тээнэгэлзэх бус, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөж, амласнаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. Тиймээс итгэлээр нь түүнийг зөвд тооцсон ажээ. «Тэр ийн тооцогдсон» гэсэн нь зөвхөн түүний тухай бичсэн биш Эзэн Есүсийг маань үхэгсдээс амилуулсан Түүнд мөн итгэх бидний төлөө билээ. Бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амилсан юм.

Хуваалцах
РОМ 4 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна