РОМ 1:16-32

РОМ 1:16-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн. Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэн байдаг. Бурханы уур хилэн үнэнийг зөвт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зөвт бус байдлын эсрэг тэнгэрээс илчлэгддэг. Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй. Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ. Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ. Иймээс Бурхан тэднийг зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалын бузар юмстай нь зөнд нь орхиж, тэднийг өөрсдийнхөө махан биеийг гутаахад хүргэжээ. Яагаад гэвэл, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен. Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхижээ. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ. Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна. Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй нь зөнд нь орхиж, хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд хүргэсэн бөгөөд тэд бүхий л зөвт бус байдал, хорон муу, шунал, бузар булайгаар дүүрэн, атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрэн, хов жив яригч, гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй, ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, харин ч бусдыг үйлдэхэд нь сайшаадаг ажээ.

Хуваалцах
РОМ 1 унших

РОМ 1:16-32 Ариун Библи 2013 (АБ2013)

Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн. «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг. Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг. Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй. Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ. Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ. Иймд Бурхан тэднийг зүрхнийнх нь хүсэл тачаалын бузар юмстай зөнд нь орхиж, тэд бие махбодоо өвөр хоорондоо гутаажээ. Учир нь, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен. Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхиж. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ. Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна. Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ. Тэд элдэв зүй бус, хилэнц, шунал, бузар булайгаар дүүрэн агаад атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрсэн, хов жив яригч, гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй, ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, бусдыг үйлдэхэд нь ч сайшаадаг байна.

Хуваалцах
РОМ 1 унших

РОМ 1:16-32

РОМ 1:16-32 АБ2004РОМ 1:16-32 АБ2004РОМ 1:16-32 АБ2004РОМ 1:16-32 АБ2004РОМ 1:16-32 АБ2004РОМ 1:16-32 АБ2004РОМ 1:16-32 АБ2004

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна