РОМ 1:1-15
РОМ 1:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Христ Есүсийн боол, дуудагдсан элч Паул, Бурханы сайнмэдээний төлөө тусгаарлагджээ. Энэ сайнмэдээг эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Бичвэрүүдэд, Бурхан урьдаас амласан нь Түүний Хүүгийн тухай юм. Тэрээр махбодын хувьд Давидын удмаас төрсөн, Ариун Сүнсний хувьд үхэгсдээс амилснаараа хүч чадалт Бурханы Хүү гэж тунхаглагдсан бидний Эзэн Есүс Христ юм. Түүний нэрийн төлөө бүх харийнхны дунд итгэлийн дуулгаврыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл хийгээд элчийн үүргийг бид хүлээн авсан бөгөөд тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан. Бурханд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан, Ромд буй бүгдэд бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христийн нигүүлсэл хийгээд амар тайвныг хүсье. Юуны өмнө та бүгдийн улмаас би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл дэлхий даяар тунхаглагдаж байна. Хүүгийнх нь сайнмэдээнд сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан Өөрөө, та нарыг хэр их тасралтгүй дурсдагийн маань гэрч юм. Бурханы тааллаар одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж би залбирлаараа ямагт гуйдаг. Учир нь та нарыг батжуулахын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцахсан гэсэндээ та нарыг харахыг би ихэд хүсдэг. Өөрөөр хэлбэл, та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжихсон билээ. Ах дүү нар аа, бусад харийнхны дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар дээр очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Грекүүд болон хэл харьтнууд цэцэд болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. Тиймд миний хувьд Ром дахь та нарт ч сайнмэдээ хүргэхээр тэсэн ядаж байна.
РОМ 1:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Христ Есүсийн боол Паул би элч болохоор дуудагдаж, Бурханы сайн мэдээний төлөө тусгаарлагдсан. Энэ сайн мэдээ бол Бурхан эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Судруудад урьдаас амласан тэр Хүүгийн тухай сайн мэдээ юм. Тэр Хүү нь махан биеэр Давидын удмаас төрсөн бөгөөд ариун байдлын Сүнсээр үхэгсдээс амилснаар сүр хүчээр Бурханы Хүү гэж тодорхойлогдсон бидний Эзэн Есүс Христ мөн. Бид Түүний нэрийн төлөө бүх харь үндэстний дунд итгэлийн дуулгавартай байдлыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл болон элчийн үүргийг хүлээн авсан билээ. Та нар ч бас тэдний дундаас Есүс Христийнх болохоор дуудагдсан хүмүүс юм. Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь байх болтугай. Юуны өмнө, та бүгдийн төлөө би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл бүх ертөнц даяар тунхаглагдаж байна. Түүний Хүүгийн сайн мэдээний дотор миний сүнсээрээ үйлчилдэг Бурхан та нарыг хэр их тасралтгүй дурсдгийг маань гэрчилнэ. Залбирахдаа үргэлж Бурханы хүслээр одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж гуйдаг. Учир нь та нарыг бат болгохын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцах гэсэндээ би та нарыг харахыг ихэд хүсдэг. Өөрөөр хэлбэл, та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм. Ах дүү нар аа, бусад үндэстнүүдийн дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар уруу очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. Тиймд миний хувьд, Ромд байгаа та нарт ч мөн сайн мэдээг тунхаглахыг маш их хүсэж байна.