ДУУЛАЛ 55:1-23
ДУУЛАЛ 55:1-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан, залбиралд минь чих тавиач. Намайг гуйхад бүү нуугдаач. Намайг анхааран сонсож, надад хариулаач. Би гомдол дотроо шаналж, үнэхээр санаа алдаж байна. Энэ нь дайсны дуу болон Хорон муу хүний дарамтаас болсон болой. Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөд Уур дотор тэд намайг үзэн яддаг. Миний дотор зүрх минь шимширч, Үхлийн аюулууд ч намайг нөмөрсөн. Айдас, чичрэл надад ирж, Би аймшигт автжээ. “Би тагтаа шиг жигүүртэй байсан ч болоосой! Тэгвэл би зайлан нисэж, амрахсан. Харагтун, би алс хол дайжиж, Цөлд саатан суух байсан. Села Би хуй салхи, шуурганаас Хоргодох газар уруугаа яаран очих байсан” гэж би хэлэв. Би хотод хүчирхийлэл болон маргааныг харсан учир Үймүүлээч, Эзэн, тэдний хэлүүдийг хутгалдуулаач. Тэд өдөр, шөнөгүй хэрмэн дээгүүр нь тойрон явдаг бөгөөд Түүний дотор гэм буруу болон худал байдаг. Түүний дотор сүйрэл бий. Дарлал болон мэхлэл гудамжнаас нь салдаггүй. Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ. Тийм байсан бол би тэсэхсэн. Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан. Гэвч энэ бол надтай нэг зиндаатай хүн болох чи, Миний анд нөхөр бөгөөд миний дотнын найз билээ. Бид хамтдаа амттай яриа дэлгэж, Бурханы өргөөнд олон хүмүүсийн дундуур алхаж байсан. Тэдэн дээр үхэл гэнэт ирэг. Тэд Үхэгсдийн орон уруу амьдаараа яваг. Учир нь бузар муу нь тэдний амьдардаг газар, тэдний дунд байна. Би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна. Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөд Тэрээр дууг минь сонсоно. Надтай тэмцэлдэгч тэд олон учраас Тэр сэтгэлийг минь миний эсрэг буй тулалдаанаас амар тайвнаар аварна. Эртнээс сэнтийд залран буй нэгэн болох Бурхан сонсоод тэдэнд хариулна. Села Тэд өөрчлөгддөггүй бөгөөд Бурханаас эмээдэггүй. Тэр өөртэй нь амар тайван байгчдын эсрэг гараа сунгажээ. Тэр өөрийн гэрээг зөрчжээ. Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд сугалсан илд мэт байв. Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй. Харин ч, Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч наслахгүй. Харин би Танд итгэх болно.
ДУУЛАЛ 55:1-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан, залбиралд минь чих тавиач Намайг гуйхад бүү нуугдаач Намайг анхаараач, надад хариулаач. Би шаналал дотроо ёолон, үнэхээр үймэрч байгаа нь Дайсны дуу хийгээд Буруутын дарамтаас болсон болой. Тэд над дээр хөнөөл авчирч Уурандаа тэд намайг үзэн ядаж байна. Миний дотор зүрх минь дэлсэж, Үхлийн айдас намайг нөмөрчээ. Айдас, дагжил надад ирж, Би аймшигт автжээ. “Би тагтаа шиг жигүүртэй ч болоосой! Тэгвэл нисэн одож, амрахсан. Харагтун, алс хол дайжиж, Цөлд хоноглохсон. Села Салхи, шуурга, хуй салхинаас Зугтах газартаа яарахсан” гэж би хэлэв. Би хотод хүчирхийлэл хийгээд тэмцлийг харлаа. Үймүүлээч, Эзэн, хэлүүдийг нь хутгалдуулаач Өдөр, шөнөгүй тэд тэндхийн хэрмэн дээгүүр тойрон явж байна. Түүн дотор нь ёсон бус ба зовлон бий. Түүн дотор нь хорлол бий. Худал болон мэхлэл гудамжнаас нь үл сална. Учир нь намайг доромжилдог нэгэн нь дайсан минь биш. Тийм байсан бол би тэсэхсэн. Миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг нэгэн нь намайг үзэн ядагч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан. Гэвч надтай ижил тэгш хүн, Миний анд ба дотнын найз минь билээ. Бид хамтдаа таатай чуулал хийж, Бурханы өргөөнд олны дунд алхаж байсан. Үхэл тэднийг залгин хоосруулаг Үхэгсдийн орон уруу амьдаараа яваг. Учир нь амьдардаг газар нь ч, тэдний дотор ч ёрын муу юм. Харин би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна. Үдэш, өглөө болон үд дунд ч би үглэн гонгинох бөгөөд Тэрээр дууг минь сонсоно. Миний эсрэг олноороо эгнэсэн тул Тэрээр тулаанаас амийг минь амар тайвнаар аварна. Эртнээс оршигч нэгэн болох Бурхан сонсоод тэдэнд хариулна Села Тэд үл өөрчлөгдөх бөгөөд Бурханаас ч эс эмээнэ. Өөртэй нь тайван байгчдын эсрэг тэрээр гараа сунгаж, Тэрээр гэрээгээ зөрчжээ. Түүний ам хэл цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Үгс нь чидун тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд илд сугалсан байв. Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ. Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй. Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана. Цуст, мэхлэгч хүмүүс өдрүүдийнхээ хагаст ч хүрэхгүй. Харин би Танд итгэх болно.