ДУУЛАЛ 44:1-26
ДУУЛАЛ 44:1-26 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан, эртний өдрүүд болох Бидний эцэг өвгөдийн өдрүүдэд Таны үйлдсэн ажлыг Тэд бидэнд ярьсан бөгөөд Бид чихээрээ сонссон билээ. Та Өөрийнхөө гараар улс үндэстнүүдийг зайлуулсан. Тэгээд Та эцэг өвгөдийг маань суурьшуулсан. Та хүмүүст гай тарьж, Тэднийг тараасан. Учир нь өөрсдийн илдээр тэд газар нутгийг эзлээгүй, Мөн өөрсдийнх нь гар тэднийг авраагүй, Харин Таны баруун гар болон Таны мутар, Таны оршихуйн гэрэл тэгсэн Учир нь Та тэднийг ивээсэн. Бурхан, Та бол миний Хаан. Иаковд ялалтыг тушаагаач. Танаар бид өөрсдийн өстнүүдийг эргүүлэн шахна. Таны нэрээр бидний эсрэг босогчдыг бид гишгэчнэ. Би өөрийн нуманд найдахгүй, Миний илд ч намайг аврахгүй. Харин Та биднийг өстнүүдээс минь аварч, Биднийг үзэн ядагчдыг Та ичгүүрт унагасан. Бид өдөржин Бурханаар бахархсан бөгөөд Бид Таны нэрд мөнхөд талархана. Села Гэсэн ч Та орхиж, биднийг ичгүүр болгон, Бидний цэргүүдтэй хамт давшдаггүй. Та биднийг өстний өмнөөс зугтаалгасан. Биднийг үзэн ядагчид өөрсдөдөө олз авсан. Та биднийг идэшний хонь шиг өгч, Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан. Та Өөрийн хүмүүсийг үнэгүй шахам худалддаг бөгөөд Тэднийг худалдсанаар ямар ч ашиг аваагүй. Та биднийг хөршүүдэд маань ичгүүр, Эргэн тойрныхонд маань элэглэл, тохуурхал болгодог. Та биднийг улс үндэстнүүдийн дунд зүйрлэл, Хүмүүсийн дунд шившиг болгосон. Миний шившиг өдөржин миний өмнө байдаг бөгөөд Миний доромжлол намайг дүүргэжээ. Энэ нь намайг буруушааж, зэмлэдэг нэгний дуунаас, Дайсан хийгээд өшөө авагчийн оршихуйгаас болой. Энэ бүхэн бидэнд тохиолдсон боловч бид Таныг мартаагүй бөгөөд Бид Таны гэрээнд хуурамчаар хандаагүй. Бидний зүрх эргэж буцаагүй бөгөөд Бидний алхмууд Таны замаас хазайгаагүй. Гэтэл Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж, Биднийг үхлийн сүүдрээр хучсан билээ. Хэрэв бид өөрсдийн Бурханы нэрийг мартсан, Эсвэл гараа харийн бурхан уруу сунгасан бол Бурхан үүнийг олж илрүүлэхгүй байсан гэж үү? Учир нь Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм. Харин Таны төлөө бид бүхэл өдөржин алуулдаг. Бид нядлуулах хонь шиг тооцогдсон байна. Эзэн, босооч. Юунд Та унтана вэ? Сэрээч, биднийг бүү мөнхөд орхиоч. Юунд Та нүүрээ нууж, бидний зовлон, дарамтыг мартана вэ? Учир нь сэтгэл маань тоос шороонд дарагдав. Бидний бие газарт наалддаг. Босооч, бидэнд тусалж, Өөрийн хайр энэрлийн төлөө биднийг авраач.
ДУУЛАЛ 44:1-26 Ариун Библи 2013 (АБ2013)
Эцэг өвгөдийн маань өдрүүдэд, Эртний өдрүүдэд, өө Бурхан, Таны үйлдсэн ажлыг Бид чихээрээ сонссон. Тэд бидэнд ярьсан. Та улс үндэстнүүдийг мутраараа зайлуулж Тэднийг маань суурьшуулсан юм. Та харь овгуудыг гамшгаар тараасан. Учир нь тэд илдээрээ Газар нутгийг эзлээгүй. Гар нь бус харин Таны баруун мутар, Таны хуруу ба оршихуйн гэрэл тань Тэднийг аварсан билээ. Миний Хаан Бурхан Та Иаковт ялалтыг тушаагаач Танаар бид өстнүүдээ шахна. Бидний эсрэг босогчдыг Таны нэрээр бид гишгэчнэ. Би нумандаа найдахгүй, Илд минь ч намайг аврахгүй. Та л биднийг өстнүүдээс минь аварч, Үзэн ядагчдыг минь ичгүүрт унагасан. Бид өдөржин Бурханаар бахархаж, Таны нэрд мөнхөд талархана. Села Гэтэл одоо биднийг Та орхиж, ичгүүр болгож, Цэргүүдтэй маань хамт эс давшив. Та, биднийг өстнүүдээс зугтаалгасан. Биднийг үзэн ядагчид олз авчээ. Та биднийг идэшний хонь адил өгч, Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан. Ард түмнээ Та Ашиггүйгээр худалдаж, Үнийг нь үл нэмэгдүүлэв. Та биднийг хөршүүдэд маань ичгүүр, Эргэн тойрныхонд маань Элэглэл, тохуурхал болгосон. Та биднийг улс үндэстнүүдийн дунд ёгт үг, Харь овгуудын дунд толгой сэгсрэлт болгосон. Өдөржин гутамшиг минь Өмнө минь байв, Нүүрийг минь ичгүүр хучсан нь Намайг доромжлогч ба гүтгэгчийн дуунаас, Дайсан хийгээд өшөө авагчийн байгаагаас болой. Энэ бүхэн бидэнд ирсэн ч Бид Таныг мартаагүй, Таны гэрээнд ч хуурамчаар хандаагүй Бидний зүрх эргэж буцаагүй, Алхмууд маань ч Замаас тань хазайгаагүй. Гэсэн ч биднийг цөөвөр чонын газарт Та няц дарж, Үхлийн харанхуйгаар биднийг хучсан. Хэрэв бид Бурханыхаа нэрийг мартсан Эсвэл гараа харийн бурханд сунгасан бол Бурхан үүнийг илрүүлэхгүй байсан гэж үү? Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм. Харин Таны төлөө бид Бүхэл өдөржингөө хядуулжээ. Нядалгааны хонь мэтээр Бид тооцогджээ. Босооч Эзэн, юунд Та унтана вэ? Сэрээч, мөнхөд бүү орхиоч. Юунд Та нүүрээ нууж, Зовлон зүдүүр, дарлагдлыг маань мартана вэ? Сэтгэл маань шороон доор ортол Дорд болжээ. Гэдэс хэвлий маань газарт наалджээ. Босооч, туслаач, Энэрэл хайрынхаа учир Биднийг авраач.