ДУУЛАЛ 37:1-40

ДУУЛАЛ 37:1-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх. Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж, Ногоон ургамал шиг хагдрах болно. ЭЗЭНд итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго. ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Өөрийн замыг ЭЗЭНд даатга, Мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө. Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт, Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно. ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт ологчоос болон Хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов. Уурлахаа больж, хилэнгээ март. Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ. Бузар мууг үйлдэгчид таслагдана, Харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно. Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч Тэр байхгүй байх болно. Харин даруу хүн газар нутгийг өвлөж, Элбэг амар амгалангаар баярлана. Хорон муу хүн зөв шударга хүний эсрэг хуйвалдаж, Түүн уруу шүдээ хавирдаг. Түүний өдөр ирж буйг хардаг учраас Эзэн түүнд инээдэг. Зүдрэгсэд ба гачигдагсдыг хөсөр унагаж, Үйлсээрээ шулуун шударга хүмүүсийг алахаар Хорон муу хүн илд сугалж, нумаа хөвчилжээ. Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож, Нумууд нь хугарах болно. Зөв шударга хүний жаахан юм нь Хорон санаат олны элбэг байдлаас хавьгүй дээр юм. Учир нь хорон санаатны гар нь хугалагдана, Харин зөв шударга хүнийг ЭЗЭН дэмждэг. ЭЗЭН гэм зэмгүй хүний өдрүүдийг мэддэг. Тэдний өв мөнхөд байна. Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй бөгөөд Өлсгөлөнгийн өдрүүдэд ч хангалуун байна. Харин хорон муу хүн мөхнө. ЭЗЭНий дайснууд бэлчээрийн цэцгүүд мэт болж, Утаа мэт замхардаг. Хорон муу хүн зээлж, буцаан өгдөггүй. Харин зөв шударга хүн нигүүлсэн өгдөг. Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө, Харин Түүгээр хараагдагсад таслагдана. Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөд Түүний замд Тэр баярладаг. Тэрээр бүдрэвч, газар хөсөр унахгүй. Учир нь ЭЗЭН Өөрийн гараар түүнийг түшдэг. Би залуугаасаа хөгширтлөө Зөв шударга хүн хаягдахыг, Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй. Тэр үргэлж нигүүлсэн хайрлаж, зээлүүлдэг. Түүний үр удам нь ерөөлтэй юм. Бузраас хагацаж, сайныг үйлд, Тэгвэл чи мөнхөд орших болно. Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй. Тэд мөнхөд хамгаалуулсан, Харин хорон муу хүний үр удам таслагдах болно. Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, Түүнд мөнхөд оршин суух болно. Зөв шударга хүний ам нь мэргэн үгийг хэлдэг бөгөөд Түүний хэл нь шударга үгийг өгүүлдэг. Түүний зүрхэнд Бурханых нь хууль оршдог. Түүний алхамд алдаа байхгүй. Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж, Түүнийг хорлох боломжийг хайдаг. ЭЗЭН түүнийг хорон санаатны гарт орхихгүй, Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй. ЭЗЭНийг хүлээж, Түүний замаас бүү гар, Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө. Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно. Төрөлх хөрсөндөө ургаж буй саглагар мод шиг өөрийгөө сагсайлган ургуулдаг Хорон муу, харгис хүнийг би харсан билээ. Тэгээд тэр өнгөрсөн бөгөөд харагтун тэр алга болсон. Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй. Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж, Шулуун шударга хүнийг харагтун. Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна. Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана. Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана. Харин зөв шударга хүний аврал ЭЗЭНээс ирдэг. Тэрээр бэрх цагт тэдний хүч чадал юм. ЭЗЭН тэдэнд тусалж, тэднийг чөлөөлдөг. Тэд Түүний дотор хоргоддог учраас Тэр тэднийг хорон муу хүнээс чөлөөлж, авардаг юм.

Хуваалцах
ДУУЛАЛ 37 унших

ДУУЛАЛ 37:1-40 Ариун Библи 2013 (АБ2013)

Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов, Бурууг үйлдэгчдэд бүү атаарх. Учир нь тэд удахгүй өвс шиг хорчийн хатна. Ургамал ногоо шиг хагдарна. ЭЗЭНд итгэж, сайныг үйлд Газар нутагт сууж, Үнэнч байдлыг хоолоо болго. ЭЗЭНд баярлагтун Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө ЭЗЭНд замаа даатга, Түүнд итгэж найд Тэгвэл Тэр биелүүлж өгнө Тэрээр зөв байдлыг чинь гэрэл адил, Шударга хэргийг чинь үд дунд мэт гийлгэюү. ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ! Өөрийнхөө замаар амжилт ологчоос Хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц! Уурлахаа больж, хилэнгээ хая. Бүү эгдүүц. Энэ нь зөвхөн мууд хүргэнэ. Мууг үйлдэгчид таслагдана, Харин ЭЗЭНийг хүлээгчид Газар нутгийг өвлөнө. Тун удахгүй буруутууд үгүй болно Чи түүний газрыг анхааралтай хайвч Тэр байхгүй байх болно. Харин даруу нэгэн газар нутгийг өвлөж, Дүүрэн амар амгаланд умбана. Буруут нь зөвтийн эсрэг хуйвалдаж, Түүн уруу шүдээ хавирна. Өдөр нь ирж буйг ЭЗЭН харах тул Тэрээр түүнээс болж инээнэ. Ядуу зүдүү хийгээд гачигдагсдыг хөсөр унагаж, Үйлсээрээ чигч шударга хүмүүсийг алахаар Буруут нь илдээ сугалж, нумаа хөвчилжээ Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож, Нумууд нь хугарах болно Зөв хүний жаахан юм нь Буруу олны элбэг дэлбэгээс хавьгүй дээр. Учир нь буруутын гар хугалагдана Зөвтийг ЭЗЭН дэмжинэ. Чигч шударгын өдрүүдийг ЭЗЭН мэднэ. Тэдний өв мөнхөд байна. Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй, Өлсгөлөнгийн өдрүүдэд ч цадах буюу. Харин буруут нь мөхнө. ЭЗЭНий дайснууд нугын цэцгүүд мэт болж, Тэд утаа мэт замхармой. Буруут хүн зээлээд буцааж эс өгнө Зөвт хүн харин өгөөмрөөр өгдөг. Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө, Түүгээр хараагдагсад таслагдана. Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогдох агаад Замд нь Тэр баярлаюу. Тэрээр бүдрэвч газар хөсөр унахгүй Учир нь ЭЗЭН мутраараа түшдэг. Би залуугаасаа хөгширтлөө Зөв шударга хүн хаягдахыг, Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй. Тэр үргэлж элэгсэг агаад зээлүүлдэг. Үр удам нь ерөөлтэй. Нүгэл муугаас эргэж, сайныг үйлд, Тэгвэл чи мөнхөд орших болно. Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрлах агаад Бишрэлтнүүдээ үл орхино. Тэд мөнхөд хамгаалуулсан, Харин буруутын үр удам таслагдана, Зөвт нь газар нутгийг өвлөж, мөнхөд оршин сууна. Зөвтийн ам ухааныг хэлж Хэл нь зөвийг өгүүлдэг. Зүрхэнд нь Бурханых нь хууль оршиж, Алхамд нь алдаа эс байдаг. Буруут нь зөвтийг анаж, Түүнийг алахаар эрэлхийлнэ. ЭЗЭН түүнийг буруутын гарт орхихгүй Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй. ЭЗЭНийг хүлээж, замыг нь дага, Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө Буруут нь таслагдахад чи үүнийг үзнэ. Саглагар мод шиг өөрийгөө Сагсайлган ургуулдаг Буруу, харгис хүнийг Би харсан билээ. Тэгээд тэр өнгөрсөн, Харагтун, тэр алга болсон. Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй. Өөлөх өөгүйг тэмдэглэж, Үнэнч шулууныг үзэгтүн. Ийм хүмүүний ирээдүй Энх тунх билээ. Харин тэрслэгчид цөмөөрөө устгагдана Буруутын ирээдүй таслагдана. Зөвтийн аврал ЭЗЭНээс ирнэ. Тэрээр зовлон шаналангийн цагт хүч чадал нь буюу. ЭЗЭН тэдэнд тусалж, чөлөөлдөг. Дотор нь хоргоддог тул тэднийг Буруу хүнээс Тэр чөлөөлж, авардаг.

Хуваалцах
ДУУЛАЛ 37 унших