ДУУЛАЛ 35:1-28

ДУУЛАЛ 35:1-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН, надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч. Надтай тулалдагчидтай тулалдаач. Халхавч, бамбайгаа барин Надад туслахаар босооч. Намайг мөрдөгчидтэй тулгарахаар жад, сүхээ сугал. Миний сэтгэлд хандан “Би бол чиний аврал!” гэж хэл. Миний амийг хайгчдыг шившиг болгож, ичгүүрт унагаагаач. Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг буцааж, дорд болгооч. Тэднийг ЭЗЭНий тэнгэр элчээр туугдаж буй, Салхинд хийсэх будааны хальс мэт болгооч. ЭЗЭНий тэнгэр элчээр тэднийг хөөлгөн Замыг нь харанхуй, халтиргаатай болгооч. Учир нь ямар ч шалтгаангүйгээр тэд намайг барихаар тор тавьсан, Ямар ч шалтгаангүйгээр тэд миний сүнсэнд нүх ухсан. Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж, Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг. Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач. Миний сэтгэл ЭЗЭНд баярлаж, Түүний авралд баясна. Миний бүх яснууд “ЭЗЭН, хэн тантай адил вэ? Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс, Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?” гэх болно. Хэрцгий гэрч нар босдог. Тэд миний мэдэхгүй зүйлсийг надаас байцаадаг. Тэд сэтгэлийг минь өнчрүүлэн Тусыг минь усаар хариулдаг. Харин миний хувьд тэднийг өвчтэй байхад би тааран хувцас өмссөн. Би сэтгэлээ мацгаар зовоосон бөгөөд Миний залбирал цээжинд минь буцан ирсээр байв. Би өөрийн найз, эсвэл ах дүүдээ юм шиг тэдэнд үйлдсэн. Би эхийн хойноос гашууддаг нэгэн шиг гашуудан бөхийсөн. Харин намайг бүдэрсэнд тэд баярлан хамтран цуглав. Миний мэддэггүй байсан довтлогчид миний эсрэг цуглаж, Зогсоо зайгүй намайг гүжирдсэн. Найран дээрх бурхангүй тохуурхагчид мэт Тэд над уруу шүдээ хавирсан. Эзэн, Та хэдий болтол харж суух вэ? Миний сэтгэлийг тэдний хор хөнөөлүүдээс, Миний цорын ганц амийг арслангуудаас авраач! Би Танд их чуулганд талархал өргөнө. Би Таныг хүчит олон түмний дунд магтах болно. Худал яригч дайснуудыг минь надаас болж бүү баясга. Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын нүдийг ч бүү хялалзуул. Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй, Харин газар нутагт аниргүй оршигчдын эсрэг хуурмаг үгсийг зохиодог. Тэд над уруу амаа том ангайлгадаг. Тэд “Аа, аа, бидний нүд үүнийг харлаа!” гэжээ. ЭЗЭН, Та үүнийг харсан билээ. Бүү дуугүй байгаач. Эзэн, надаас бүү хол байгаач. Миний Бурхан, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар, Миний хэргийн төлөө босооч. Миний Бурхан ЭЗЭН, Өөрийн зөв шударгын дагуу намайг шүүж, Надаас болж тэднийг бүү баясгаач. Тэднийг “Аа, бидний хүсэл биеллээ!” гэж зүрхэнд нь бүү хэлүүлээч. Тэднийг “Бид түүнийг залгисан!” гэж бүү хэлүүлээч. Миний зовлон зүдгүүрт баясагчдыг бүгдийг ичгүүрт унаган дорд болгооч. Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг ичгүүр, гутамшигт оруулаач. Миний зөвтгөлд баярлагчид Баясан хашхирч, баярлан хөөрөг. Тэднээр “Өөрийн зарцын сайн сайхан байдалд баярладаг ЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж үргэлжлүүлэн хэлүүлээч. Миний хэл ч Таны зөв шударгыг болон Таны магтаалыг өдөржин тунхаглана.

Хуваалцах
ДУУЛАЛ 35 унших

ДУУЛАЛ 35:1-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч, ЭЗЭН! Надтай тулалдагчидтай тулалдаач! Халхавч, бамбайгаа барин Надад туслахаар босооч! Намайг мөрдөгчдийн эсрэг Жад, сүхээ сугалж “Би чиний аврал!” хэмээн Сэтгэлд минь хэлээч! Амийг минь хайгчдыг Шившиг болгож, ичгүүрт унагаан Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг Буцааж, самууруулаач! Тэднийг салхинд хийсэх будааны хальс мэт болгож ЭЗЭНий тэнгэрэлчээр туулгаач! Замыг нь харанхуй, халтиргаатай болгож ЭЗЭНий тэнгэрэлчээр тэднийг хөөлгөөч! Учир нь шалтгаангүйгээр Тэд нууцаар надад тор тавьсан, Шалтгаангүйгээр Тэд сэтгэлд минь нүх ухсан. Мэдээгүй байхад нь Сүйрлийг түүнд ирүүлж, Нууцаар тавьсан тор нь Өөрийг нь бариг. Сүйрэлд түүнийг унагаагаач! Сэтгэл минь ЭЗЭНд баярлаж, Авралд нь баясна Бүх яс минь “ЭЗЭН, хэн Тан шиг вэ? Хүчтэнээс зүдэрснийг, Дээрэмчдээс нь зүдэрсэн хийгээд ядууг Та аварна” хэмээмой. Хэрцгий гэрч нар босон Эс мэдэх зүйлийг надаас байцаана. Тусыг минь усаар тэд хариулан Сэтгэл минь ганцаардана. Тэднийг өвчтэй байхад Харин би тааран хувцас өмссөн Сэтгэлээ би мацгаар дордуулсан. Залбирал минь өвөрт минь буцаж ирэв. Би найздаа, ах дүүдээ юм шиг Тэдэнд үйлдсэн Би эхийнхээ хойноос гашууддаг шиг Гашуудан бөхийсөн. Харин намайг бүдэрсэнд Тэд баярлан цуглав Миний мэддэггүй байсан довтлогчид Миний эсрэг цуглав. Зогсоо зайгүй намайг гүжирдэв Найран дээрх сүсэг бишрэлгүй тохуурхагчид мэт Над уруу тэд шүдээ хавирав Эзэн, Та хэдий болтол харж суух вэ? Амийг минь тэдний сүйтгэлээс, Намайг арслангуудаас авраач! Танд би их чуулганд талархал өргөнө. Таныг олон ард түмний дунд магтах болно. Үндэсгүйгээр намайг дайсагнагчдыг Надаас болж бүү баясга. Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын Нүдийг ч бүү ирмүүл. Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй, Нутгийн аниргүй оршигчдын эсрэг Хуурмаг үгсийг зохиодог. Амаа тэд над уруу томоор нээцгээн “Аа-хаа, нүд маань үзлээ” гэцгээнэ. ЭЗЭН, Та үүнийг харсан. Бүү дуугүй байгаач! Эзэн, надаас бүү хол байгаач! Бурхан минь, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар, Миний хэргийн төлөө босооч! Бурхан ЭЗЭН минь, зөвт байдлынхаа дагуу намайг шүүн, Надаас болж тэднийг бүү баясгаач! Тэднийг “Аа-хаа, ингэхийг л бид хүссэн юм!” гэж Зүрхэнд нь бүү хэлүүлээч. “Бид түүнийг залгисан!” гэж Тэднээр бүү хэлүүлээч. Хохиролд минь баясагч бүгдийг Ичгүүрт унаган дорд болгооч. Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг Ичгүүр, гутамшигт оруулаач! Зөвтөлд минь баярлагчид Баясан хашхирч, баярлан хөөрөг. Тэднээр “Зарцынхаа сайн сайханд баярладаг ЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж Үргэлж хэлүүлээч. Таны зөв шударгыг, Таны магтаалыг Хэл минь өдөржин тунхагланам.

Хуваалцах
ДУУЛАЛ 35 унших