ДУУЛАЛ 35:1-14
ДУУЛАЛ 35:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч, ЭЗЭН! Надтай тулалдагчидтай тулалдаач! Халхавч, бамбайгаа барин Надад туслахаар босооч! Намайг мөрдөгчдийн эсрэг Жад, сүхээ сугалж “Би чиний аврал!” хэмээн Сэтгэлд минь хэлээч! Амийг минь хайгчдыг Шившиг болгож, ичгүүрт унагаан Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг Буцааж, самууруулаач! Тэднийг салхинд хийсэх будааны хальс мэт болгож ЭЗЭНий тэнгэрэлчээр туулгаач! Замыг нь харанхуй, халтиргаатай болгож ЭЗЭНий тэнгэрэлчээр тэднийг хөөлгөөч! Учир нь шалтгаангүйгээр Тэд нууцаар надад тор тавьсан, Шалтгаангүйгээр Тэд сэтгэлд минь нүх ухсан. Мэдээгүй байхад нь Сүйрлийг түүнд ирүүлж, Нууцаар тавьсан тор нь Өөрийг нь бариг. Сүйрэлд түүнийг унагаагаач! Сэтгэл минь ЭЗЭНд баярлаж, Авралд нь баясна Бүх яс минь “ЭЗЭН, хэн Тан шиг вэ? Хүчтэнээс зүдэрснийг, Дээрэмчдээс нь зүдэрсэн хийгээд ядууг Та аварна” хэмээмой. Хэрцгий гэрч нар босон Эс мэдэх зүйлийг надаас байцаана. Тусыг минь усаар тэд хариулан Сэтгэл минь ганцаардана. Тэднийг өвчтэй байхад Харин би тааран хувцас өмссөн Сэтгэлээ би мацгаар дордуулсан. Залбирал минь өвөрт минь буцаж ирэв. Би найздаа, ах дүүдээ юм шиг Тэдэнд үйлдсэн Би эхийнхээ хойноос гашууддаг шиг Гашуудан бөхийсөн.
ДУУЛАЛ 35:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН, надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч. Надтай тулалдагчидтай тулалдаач. Халхавч, бамбайгаа барин Надад туслахаар босооч. Намайг мөрдөгчидтэй тулгарахаар жад, сүхээ сугал. Миний сэтгэлд хандан “Би бол чиний аврал!” гэж хэл. Миний амийг хайгчдыг шившиг болгож, ичгүүрт унагаагаач. Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг буцааж, дорд болгооч. Тэднийг ЭЗЭНий тэнгэр элчээр туугдаж буй, Салхинд хийсэх будааны хальс мэт болгооч. ЭЗЭНий тэнгэр элчээр тэднийг хөөлгөн Замыг нь харанхуй, халтиргаатай болгооч. Учир нь ямар ч шалтгаангүйгээр тэд намайг барихаар тор тавьсан, Ямар ч шалтгаангүйгээр тэд миний сүнсэнд нүх ухсан. Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж, Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг. Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач. Миний сэтгэл ЭЗЭНд баярлаж, Түүний авралд баясна. Миний бүх яснууд “ЭЗЭН, хэн тантай адил вэ? Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс, Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?” гэх болно. Хэрцгий гэрч нар босдог. Тэд миний мэдэхгүй зүйлсийг надаас байцаадаг. Тэд сэтгэлийг минь өнчрүүлэн Тусыг минь усаар хариулдаг. Харин миний хувьд тэднийг өвчтэй байхад би тааран хувцас өмссөн. Би сэтгэлээ мацгаар зовоосон бөгөөд Миний залбирал цээжинд минь буцан ирсээр байв. Би өөрийн найз, эсвэл ах дүүдээ юм шиг тэдэнд үйлдсэн. Би эхийн хойноос гашууддаг нэгэн шиг гашуудан бөхийсөн.