ДУУЛАЛ 18:30-40
ДУУЛАЛ 18:30-40 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий үг шалгагдсан. Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ? Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж, Миний замыг шулуун болгодог. Тэр миний хөлийг согооных шиг болгож, Өндөрлөг газруудад минь намайг суулгадаг. Тэр миний гарыг тулалдаанд сургадаг нь Миний гар хүрэл нумыг хөвчилж чадахын тулд юм. Та Өөрийн авралын бамбайг надад мөн өгсөн бөгөөд Таны баруун мутар намайг түшдэг. Таны дөлгөөн байдал намайг агуу болгодог. Та миний алхах замыг өргөсгөдөг, Тиймээс миний хөл бүдрээгүй. Би дайснуудаа нэхэн хөөж, гүйцэж, Тэднийг сөнөхөөс нааш би эргэсэнгүй. Дахин босож чадахгүй болтол би тэднийг бут цохисон. Тэд миний хөл дор унав. Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ. Миний эсрэг босогчдыг миний дор Та оруулсан билээ. Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөд Намайг үзэн ядагчдыг би устгалаа.
ДУУЛАЛ 18:30-40 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурханы зам төгс төгөлдөр, ЭЗЭНий амлалт шалгагдсан. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ? Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог. Тэр хөлийг минь гөрөөснийх мэт болгон, Намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг. Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Ингэснээр гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг. Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ. Таны баруун мутар намайг түшдэг Таны тусламж намайг агуу болгосон билээ. Та алхааг минь өргөсгөдөг, Тиймээс хөл минь халтирсангүй. Би дайснаа хөөж гүйцээд Тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй. Тэднийг би цохив. Тиймээс тэд босож чадахгүй болсон Тэд миний хөл доор унасан билээ. Тулалдахад минь Та намайг хүч чадлаар хувцаслаж, Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав. Та дайснуудын минь нурууг надад харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав.