ДУУЛАЛ 18:1-32
ДУУЛАЛ 18:1-32 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай. ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм. Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад, Өөрийн дайснуудаас би аврагдсан. Үхлийн утас намайг хэрж, Бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ. Үхэгсдийн орны утас намайг хүрээлжээ. Үхлийн урхинууд миний өмнө тулгарчээ. Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж, Өөрийн Бурхан уруу хандан хашхирсанд Тэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож, Түүний өмнө буй хашхирах дуу минь Түүний сонорт хүрсэн билээ. Тэгээд газар дэлхий чичрэн доргив. Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн. Түүний хамраас утаа гарч, Түүний амнаас гал манаран шатаажээ. Тэрхүү галд нүүрс ноцсон. Тэрээр тэнгэрийг ч зааглан бууж ирсэн Харанхуй үүл Түүний хөл дор байна Тэрээр херуб хөлөглөн нисэв. Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив. Тэрээр харанхуйг Өөрийн нуугдах газар, Усны харанхуй, огторгуйн өтгөн үүлсийг Өөрийн эргэн тойрон дахь хөшиг болгосон. Түүний өмнөх гэгээнээс Түүний өтгөн үүлс, Мөндөр болон галтай нүүрс нүүжээ. ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн Өөрийн дуу, мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм. Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж, Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн. Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор Усны урсгалууд үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гаргагджээ. Тэрээр дээрээс илгээж, намайг авсан. Их уснаас Тэр намайг татан гаргасан. Тэр намайг хүчит дайснаас минь болон намайг үзэн ядагчдаас аварсан. Учир нь тэд миний хувьд дэндүү хүчтэй байв. Тэд зовлон гамшгийн өдөрт минь надтай тулгарсан, Гэвч ЭЗЭН миний түшиг байв. Мөн Тэр намайг уужим газар уруу аваачсан. Тэр намайг таалсан учир намайг аварсан билээ. ЭЗЭН намайг зөв шударгын минь дагуу шагнасан, Гарын минь цэвэр байдлаар Тэр надад хариулсан. Учир нь би ЭЗЭНий замыг баримталж, Өөрийн Бурханаас хорон муугаар салаагүй. Түүний бүх тогтоолууд миний өмнө байсан бөгөөд Би Түүний зарлигуудыг өөрөөсөө холдуулаагүй. Би бас Түүний өмнө гэм зэмгүй байж, Би өөрийгөө гэм нүглээсээ сахин хамгаалсан. Тиймээс ЭЗЭН надад зөв шударгын минь дагуу, Түүний мэлмийд миний гарын цэвэр байдлаар хариулсан. Энэрэнгүй хүмүүст Та Өөрийн энэрлийг үзүүлдэг. Шулуун шударга хүмүүст Та Өөрийн төгс чанарыг үзүүлдэг. Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг, Хуурамч хүмүүст Та Өөрийн овжин байдлаа харуулдаг. Та зовж зүдэрсэн хүмүүсийг авардаг, Харин ихэмсэг харцыг Та номхтгодог. Та миний дэнлүүг асаадаг. Миний Бурхан ЭЗЭН харанхуйг минь гийгүүлж өгдөг. Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна. Бурхандаа түшиглэн би хана давж чадна. Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий үг шалгагдсан. Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ? Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж, Миний замыг шулуун болгодог.
ДУУЛАЛ 18:1-32 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүч минь болдог ЭЗЭН, Тандаа би хайртай. ЭЗЭН бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм. Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад, Дайснуудаасаа би аврагдсан. Үхлийн хүлээс намайг хэрж, Мөхлийн урсгал намайг дайрч Үхэгсдийн орны уяа намайг хэрж Үхлийн урхинууд миний өмнө тулгарахад Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж, Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ. Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Уулсын суурь ч доргив. Хамраас нь утаа суунаглаж, Амнаас нь цөлмөгч гал гарч, Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв. Тэнгэрсийг бөхийлгөж Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр Тэр бууж ирэв. Херуб хөлөглөн нисэв. Салхин жигүүр дээгүүр элин халив. Усан хар үүлсийг Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов. Түүний өмнөх гялбаанаас, Мөндрийн үүлс цахилж, галтай нүүрс асан шатав. ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв. Мөндөр болон галтай нүүрс буусан юм. Тэрээр сум тавьж тэднийг бутрааж, Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ. Тэгээд ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор Далайн ёроол үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гарчээ. Тэр дээрээс сунган, намайг авч, Их уснаас татан гаргав Тэр намайг хүчит дайснаас минь, Намайг үзэн ядагчдаас аврав. Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв. Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан. Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа. Тэр намайг таалсан учир Намайг уудам газарт авчран аварсан билээ. Зөв шударга явдлын минь дагуу Намайг ЭЗЭН шагнаж Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав. Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан. Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй. Бүх тогтоол нь миний өмнө байсан. Би зарлигуудыг нь өөрөөсөө холдуулаагүй. Би Түүний өмнө гэм зэмгүй байж нүглээс өөрийгөө хол байлгав. Түүний мэлмийн өмнө гар минь Зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул ЭЗЭН надад хариулсан юм. Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та Гэм зэмгүйд гэмгүй л ханддаг. Цэвэр ариунд Та цэврээ, Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг. Дорой ядууг Та авардаг, Ихэмсэг харцыг Та номхтгодог. Дэнлүүг минь Та асаадаг билээ. Миний Бурхан ЭЗЭН Миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ. Танаар би их цэргийг дайрч Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг. Бурханы зам төгс төгөлдөр, ЭЗЭНий амлалт шалгагдсан. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ? Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог.