ДУУЛАЛ 143:1-12
ДУУЛАЛ 143:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өө, ЭЗЭН, залбирлыг минь сонсож, Гуйлтад минь чих тавиач. Өөрийн итгэлтэй болон зөв шударга байдал дотор надад хариулаач! Өөрийн зарцаа бүү шүүгээч. Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг. Учир нь дайсан сэтгэлийг минь хавчжээ. Тэр миний амийг газарт нухчжээ. Тэр намайг аль эрт үхсэн хүмүүс шиг Харанхуй газруудад суулгасан. Тиймээс сүнс минь миний дотор сульдсан билээ. Зүрх минь ч миний дотор зогсох шахсан юм. Би эртний өдрүүдийг санадаг. Би Таны үйлс бүхнийг тунгаадаг. Би Таны гарын үйлсийг нягтлан боддог. Би Тан уруу гараа сунгадаг. Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг. Села Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач. Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм. Өглөө бүр Та хайр энэрлээ надад сонсгооч. Учир нь би Танд итгэдэг билээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн барьж байна. Өө, ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач. Би Таны дотор хоргодно. Та миний Бурхан учраас Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач. Таны сайн Сүнс намайг тэгш газар дээр удирддаг. Өө, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө намайг сэргээгээч. Өөрийн зөв шударгаар сэтгэлийг минь зовлонгоос ангижруулаач. Өөрийн хайр энэрлээр дайснуудыг минь таслан хаяж, Сэтгэлийг минь зовоогч бүгдийг устгаач. Учир нь би бол Таны зарц билээ.
ДУУЛАЛ 143:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонсож, Гуйлтад минь чих тавиач. Итгэмж болон зөвт байдал дотроо надад хариулаач! Зарцаа шүүхээр бүү ирээч. Учир нь Таны мэлмийд амьд хэн нь ч зөвт бус билээ. Дайсан сэтгэлийг минь мөшгөж, Амийг минь газарт нухчиж, Аль эрт үхэгсэд шиг Харанхуй газруудад намайг суулгав. Тиймээс сүнс минь миний дотор сульдсан. Зүрх минь ч миний дотор зогсох шахсан. Би эртний өдрүүдийг санаж, Таны үйлс бүхнийг тунгаан Таны гарын үйлсийг нягтлан бодож байна. Би Тан уруу гараа сунгана. Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг. Села Аяа ЭЗЭН, надад даруйхан хариулаач! Сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач, Эс тэгвээс би нүх уруу одогчдын адил болох юм. Өглөө бүр хайр энэрэлээ надад сонсгооч! Танд л би итгэдэг билээ. Явах замыг минь надад зааж өгөөч! Танд л би сэтгэлээ өргөн байна. Аяа ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач! Таны дотор би хоргодно. Та миний Бурхан учраас Тааллыг тань гүйцэлдүүлэхийг надад заагаач! Сайн Сүнс тань намайг Тэгш газарт удирдана. Аяа ЭЗЭН, нэрийнхээ төлөө намайг амилуулаач! Зөвт байдлынхаа төлөө сэтгэлийг минь зовлон шаналангаас ангижруулаач! Би Таны зарц учир Хайр энэрлээрээ дайснуудыг минь тастаж, Сэтгэлийг минь зовоогч бүгдийг устгаач!