СУРГААЛТ ҮГС 9:1-12

СУРГААЛТ ҮГС 9:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Мэргэн ухаан нь байшингаа барьж, долоон баганаа босгов. Тэрээр хоол хүнсээ бэлтгэж, дарсаа хутгаж, бас ширээгээ засав. Тэр зарц бүсгүйчүүдээ явуулан, хотын хамгийн өндөр газраас дуудав. Ингэхдээ “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!” гэдэг аж. Ухаан мөхөс нэгэнд тэрээр “Нааш ир, хоол хүнснээс минь зоогло. Хутгасан дарснаас минь уугтун. Мунхаг явдлаа орхин амьд яв. Оюун ухааны замаар яв” гэж хэлдэг. Басамжлагчийг залруулдаг хүн нэр төрөө гутаадаг. Хар санаатанг зэмлэдэг хүн өөртөө доромжлолыг авдаг. Басамжлагч нэгнийг бүү зэмлэ, Учир нь тэр чамайг үзэн ядна. Мэргэн нэгнийг зэмлэ. Тэр чамайг хайрлана. Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс тэр хүн улам мэргэн болно. Шударга зөв хүнийг сурга. Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна. ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн. Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн. Учир нь өдөр хоног чинь надаар уртсах болно. Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх болно. Хэрэв чи мэргэн бол өөрийнхөө л төлөө мэргэн байгаа хэрэг. Хэрэв чи басамжилдаг бол өөрөө л үүнийгээ үүрэх болно.

СУРГААЛТ ҮГС 9:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Байшингаа барьж, долоон баганаа урлав, мэргэн ухаан. Малаа нядлан дарсаа хольж бас ширээгээ засжээ, тэрээр. Хотын хамгийн өндөрлөгөөс тэрээр зарц бүсгүйчүүдээ илгээн зар тараана “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!” гээд Ухвар мөчид нэгэнд тэрээр “Нааш ир, талхнаас минь зоогло Хольсон дарснаас минь уугтун. Гэнэн явдлаа орхин амьд яв Ухаарлын замаар яв!” гэж хэлдэг. Басамжлагчийг залруулваас Үл хүндлэлийг хураана. Буруутыг зэмлэвээс Өө толбыг хүртэнэ. Басамжлагчийг бүү зэмлэ, Тэр чамайг үзэн ядна. Мэргэнийг зэмлэ, Тэр чамайг хайрлана. Мэргэнд соёрх Тэрээр улам мэргэн болно. Зөвтийг сурга, Тэрээр мэдлэгээ арвижуулна. ЭЗЭНээс эмээхүй нь Мэргэн ухааны эхлэл. Ариун Нэгэнийг мэдэх нь ухаарал. Учир нь өдөр хоног чинь надаар уртсах. Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх. Чи мэргэн бол өөртөө л мэргэн байгаа хэрэг. Чи басамжилдаг аваас өөрөө л үүнийгээ үүрэх болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна