СУРГААЛТ ҮГС 6:9-19
СУРГААЛТ ҮГС 6:9-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэдий хүртэл хэвтэх вэ? Нойрноосоо хэзээ сэрэх юм, залхуу минь? Жаахан унтаж, жаахан дугхийгээд, Гараа жаахан хумхисаар хэвтэх зуур чинь Ядуурал дээрээс чинь дээрэмчин мэт, Гачаал зэвсэгт дайчин мэт ирэх вий. Үл бүтэх хийгээд ёс бус хүний хэл ам нь гажиж, Нүд ирмэн, хөлөөрөө дохиж, хуруугаараа заана. Зүрх хорон тэрээр ёрын мууг сэдэж, Зөрчил хэрүүлийг ямагт тараана. Гай гамшиг нь түүн дээр гэнэт ирж, Сэхэхгүйгээр тэр хормын төдийд устгагдана. ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад Тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ. Дээгүүр хардаг нүд, Худал хэлдэг хэл, Гэмгүйн цусыг урсгагч гар, Гэм хортой санааг сэдэгч зүрх, Ёрын мууд яаран гүйгч хөл, Гүжирддэг хуурамч гэрчлэгч болон Ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.
СУРГААЛТ ҮГС 6:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Залхуу минь, чи хэдий хүртэл хэвтэх юм бэ? Нойрноосоо хэзээ сэрэх юм бэ? “Жаахан унтаадахъя, жаахан дугхийгээдэхье, Жаахан гараа хумхин амраадахъя” гэсээр байтал Хоосон ядуу байдал чинь тэнүүлчин мэт, Гачаал чинь зэвсэг агссан хүн мэт чам уруу ирнэ. Хорон муу хүн амнаасаа гажсан үг унаган явж, Нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, хуруугаараа заан, Зүрхэндээ буй хар санаагаар үргэлж хорон мууг сэдэж, Эвдрэлцлийг тараадаг юм. Тиймээс сүйрэл нь гэнэт ирж, Тэр даруй тэрээр эдгэшгүйгээр гэмтэнэ. ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг. Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог. Эдгээр нь гэвээс Ихэмсэг харц, Худалч хэл, Гэм зэмгүй цусыг урсгагч гар, Хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, Хорон муу уруу түргэн гүйгч хөл, Худал чалчдаг хуурамч гэрчлэгч болон Ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэргүүд болой.