СУРГААЛТ ҮГС 4:1-27
СУРГААЛТ ҮГС 4:1-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хөвгүүд минь, эцгийнхээ сургамжийг сонс. Оюун ухаанаас суралцахын тулд анхааралтай байцгаа. Би та нарт эрүүл саруул сургаалыг заадаг. Миний сургамжийг бүү орхигдуул. Би эцгийнхээ хүү, эхийнхээ энхрий ганц хүү нь байхад Эцэг маань надад сургаж, “Бүх зүрх сэтгэлээрээ миний үгнээс зуурч ав. Миний тушаалуудыг сахи. Тэгвэл амьдарна. Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав. Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март. Мэргэн ухааныг бүү огоор. Тэр чамайг хамгаална. Мэргэн ухааныг хайрла. Тэр чамайг сэргийлнэ. Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах, Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой. Мэргэн ухааныг үнэлж цэгнэ. Тэр чамайг өргөмжилнө. Хэрэв чи түүнийг тэврэх аваас тэр чамайг алдаршуулна. Мэргэн ухаан чиний тэргүүн дээр нигүүлслийн цэцгийн титэм тавина. Тэр чамд гоо үзэсгэлэнгийн титмийг өргөн барина” гэж хэлсэн. Хүү минь, сонс. Хэлж байгааг минь хүлээн ав. Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно. Би чамайг мэргэн ухааны замаар хөтөллөө. Би чамайг цэх шулуун жимээр дагуулж явсан. Чамайг алхах үед алхаа чинь саадгүй байна. Хэрэв гүйх аваас чи бүдэрч унахгүй. Сургамжийг зууран барь. Алдаж үл болно. Мэргэн ухааныг хамгаал, Учир нь тэр бол чиний амь мөн. Хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь. Хорон муу хүмүүсийн замаар алхаж болохгүй. Түүнээс зайлсхий. Түүгээр дайран гарах ч хэрэггүй. Түүнээс эргэн, хажуугаар нь өнгөр. Учир нь тэд хорон мууг үйлдээгүй цагтаа нойрсож чаддаггүй юм. Хэн нэгнийг бүдрүүлж унагаагүй цагт тэдний нойр нь хулждаг. Учир нь тэд хар санааны талхыг идэж, Хүчирхийллийн дарснаас уудаг. Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно. Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ. Хүү минь, миний үгэнд анхаарлаа хандуул. Үгсийг маань чих тавин сонс. Тэднийг хараанаасаа алдаж болохгүй. Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв. Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд Тэр хүний бүх биед эрүүл мэнд юм. Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм. Мэхлэгч амыг цааш тавь. Заль мэхтэй үгсийг өөрөөсөө холдуул. Нүд чинь өмнө байгаагаа цэх хараг. Харц чинь урагшаа эгц тусаг. Хөлийнхөө доорх замыг хар. Тэгвэл бүх зам чинь дайвшгүй байх болно. Зүүн, баруун талын аль уруу нь ч бүү гуйв. Хөлөө хорон муугаас зайлуулж яв.
СУРГААЛТ ҮГС 4:1-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд минь Ухаарлаас суралцахын тулд анхаар Сайн сургамжийг чамд өгөх тул Хууль зааврыг минь бүү орхи Эцэгтээ хүү нь, эхдээ энхрий ганц үр нь байхад минь Тэр надад сургахдаа: “Үгийг минь зүрхэндээ хадгал Тушаалуудыг минь сахиж чи амьдар. Мэргэн ухааныг, ухаарлыг олж ав Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март! Мэргэн ухааныг бүү огоор Тэр чамайг хамгаална. Түүнийг хайрла Тэр чамайг сэргийлнэ. Мэргэн ухааныг ол Олсон бүхнээсээ Ухааран ойлгохуйг ол Энэ нь мэргэн ухааны эхлэл. Мэргэн ухааныг өндөрт үнэл, Тэр чамайг өргөмжилнө Түүнийг тэвэр, тэр чамайг алдаршуулна. Тэргүүн дээр чинь нигүүлслийн хэлхээ тавина Тэрээр гоо үзэсгэлэнгийн титмийг чамд өргөн барина” гэж хэлсэн. Хүү минь, сонс, Хэлж байгааг минь хүлээн ав Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно. Би чамд мэргэн ухааны замыг заалаа. Би чамайг шулуун жимээр удирдлаа. Алхах үедээ алхаа чинь саатахгүй. Гүйх аваас чи бүдрэхгүй. Сургамжаас зууран барь Алдаж үл болно. Түүнийг хамгаал, Тэр нь амь чинь мөн. Буруутын жимээр бүү яв Мууг үйлдэгчийн замаар бүү алх. Түүнээс зайлсхий Түүн дээгүүр гарах ч хэрэггүй Түүнээс эргэн хажуугаар нь өнгөр. Ёрын мууг үйлдээгүй цагтаа тэд нойрсож үл чадна. Бүдрүүлж унагаагүй цагт нойр нь хулжина. Тэд гэм буруугийн талхыг идэж, Хүчирхийллийн дарснаас ууцгаадаг. Зөвт хүмүүсийн жим үүрийн цагаан гэгээ Зугуухан тодрох гэгээ нь өдрийг дүүрэн авчирна. Буруутын зам нь харанхуй мэт буюу Юунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ. Үгийг минь анхаар, хүү минь Хэлэхийг минь чих тавин сонс, үр минь Үүнийг хараанаасаа алдаж үл болно Түүнийг өр зүрхэндээ хадгалж яв. Энэ нь олсон нэгэнд нь амь. Тэр нь бие махбодод нь эдгэрэл. Зүрх юугаан урьтан хамгаал Амийн булгууд түүнээс ундарюу. Мэхлэгч ам Хуурмаг уруул хол байг, чамаас. Нүд чинь цэх хараг Харц чинь эгц байг. Хөл доорх замаа дэнсэл. Зам бүхэн чинь дайвшгүй байг. Зүүн, баруун тийш бүү гуйв, Хөл чинь ёрын муугаас зайлж яваг.