СУРГААЛТ ҮГС 31:1-31

СУРГААЛТ ҮГС 31:1-31 Ариун Библи 2013 (АБ2013)

Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд сургамжилсан эш үзүүллэг. Хүү минь боль, хэвлийн минь хүү, ам өчгийн минь хүү, болохгүй! Хүч тэнхээ юугаа эмсэд бүү зар. Харгуй зам юугаа тэдэнд бүү зориул. Хаадыг сүйтгэгчид тэд билээ. Хаан хүнд зохихгүй, Лемуел минь, Дарс уух нь хаан хүнд эс зохино. Захирагч хүнд сархдыг хүсэн тэмүүлэх нь үл зохино. Уух аваас, хууль тогтоолыг умартан Зовлон зүдүүрийн хөвгүүдийг шүүхдээ эрхийг нь умартуулдаг. Сөнөж буй хүмүүст сархдыг барь, Сэтгэлдээ гашуудсан хүмүүст дарсыг барь. Ядуу зүдүүгээ мартан ууг. Зовлон зүдүүрээ дахиж бүү дурсаг. Ам хэлгүй, арилж одох хөөрхийсийн төлөө амаа нээ. Амаа нээж, зөв шударгаар шүү Ядуус ба зүдрэгсдийг шүүн өмгөөл. Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй. Эр нөхөр нь түүнд итгэлээ тавих агаад Эд олз нь эс хомстоно. Бүхэл амьдралынхаа туршид нөхөртөө Тэрээр мууг бус зөвхөн сайныг л хийнэ. Маалинга ноосыг базааж, Маш баяртайгаар гар нь ажиллана. Хоол хүнсээ хол газраас зөөх нь Худалдаачны хөлөг онгоцууд мэт. Харуй бүрийгээр тэр босож, Хамаг бүлдээ унд цай бэлтгэнэ Зааварчилгааг шивэгчин бүсгүйчүүлдээ Зааж бас хэлнэ. Газрыг нягтлан үзээд, худалдан авна. Гарынхаа үр жимсээр тэндээ усан үзэм тариална. Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж, Гараа хүчтэй болгоно. Үйлс нь бүтэмжтэй байгааг тэр мэдэх тул Дэнлүү нь хүртэл шөнөд үл бөхнө. Гар нь ээрүүл дээр зэхээстэй, Хуруунд нь ээрүүлийн дамар бариастай. Ядууст гараа тэрээр сунгана. Гачигдагсдад гар нь дэлгээстэй. Гэр бүлийнхээ төлөө тэрээр цастайд үл айна. Гэрийнхэн нь хэдийнээ давхар хувцастай байна. Бүтээлгүүдийг өөртөө урлана. Биеэ ёрог даавуун нил ягаанаар хувцаслана. Нөхөр нь гулдан хаалган дээр Нутгийн ахмадуудын дунд сууж байхдаа хүндлэгдэнэ. Ёрог даавуу хийж, тэрээр түүнийгээ худалдана. Бөс даавууг худалдаачдад бас нийлүүлнэ. Ийм нэгэн нь хүч чадал, хүндэтгэлээр хувцаслана Тийм нэгэн нь ирэх өдрийг инээн баясан угтана. Мэргэн ухаанаар амаа нээж, Энэрлийн сургаалыг хэл нь сургамжилна. Орон гэртээ тэрээр санаа тавина Залхуурал гэж үгүй. Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө Эр нөхөр нь ч түүнийг магтан “Олон эмэгтэй зүтгэлтэй ч, чи тэднээс илүү билээ” гэнэ. Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон тул ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай. Гарынх нь үр жимсийг түүнд өг. Гавьяа үйлс нь түүнийг Үүдэн хаалганаа магтах болтугай.

СУРГААЛТ ҮГС 31:1-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд айлдсан сургаал. Хүү минь, хэвлийн үр минь, миний амлалтын хүү, Эмэгтэй хүний төлөө хүчээ барж үл болно. Хаадыг сүйтгэгч нарт хүсэл зоригоо эзэмдүүлж үл болно. Лемуел минь, хаан хүн дарс уух нь зохисгүй зүйл мөн. Удирдагч хүн сархдыг хүсэн тэмүүлэх нь зохисгүй. Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж, Зовж зүдэрсэн олны эрх ашгийг уландаа гишгэх вий. Ядарч туйлдсан хүмүүст сархдыг барь. Гашуун амьдралтай хүмүүст дарсыг барь. Тэр ууж, ядуу зүдүү байдлаа мартан, Зовлон зүдгүүрээ дахиж бүү санаг. Хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээ. Амаа нээж, зөв шударгаар шүүж, Ядуус ба гай зовлонд унагсдын эрхийг хамгаал. Хэн арван хуруу тэгш эхнэр олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй. Нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаар ч үл дутна. Тэр бүх л амьдралынхаа турш нөхөртөө мууг бус, зөвхөн сайныг л үйлддэг. Ноос ба маалинган даавууг тэр сонгон авч, гараа хумхилгүй ажилладаг. Худалдаачны хөлөг онгоцнууд мэт тэр хоол хүнсээ хол газраас зөөдөг. Тэр үүр цайхаас өмнө босож, гэр бүлдээ унд цайг бэлтгэж, Шивэгчин бүсгүйчүүлдээ хийх ёстойг нь хуваарилдаг. Тэр газрыг үзээд, худалдан авч, Орлогоороо усан үзмийн мод тариалдаг. Тэр ажилдаа хичээнгүй, шаламгай бөгөөд Түүний гар улам хүчтэй болно. Ажил үйлс нь бүтэмжтэй байгаад тэр урамшина. Дэнлүү нь шөнөжингөө асдаг. Гартаа ээрүүл барьж, хуруугаараа шаламгай ажиллана. Ядуу хүнд гараа сунгадаг. Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг. Цас хаялахад гэр бүлийнхээ төлөө санаа зовох зүйлгүй байдаг. Учир нь гэрийнхэн нь дулаан хувцсаар хангагдсан билээ. Тэр орондоо бүтээлэг урлаж, Ёрог даавуун ба нил ягаан өнгөтэй хувцас өмссөн байдаг. Нөхөр нь хотын дааман хаалган дээр нутгийн ахлагч нарын дунд сууж байхдаа хүндлэгддэг. Тэр ёрог даавуун дээл хийж, худалддаг бөгөөд Бөс даавууг худалдаачдад нийлүүлдэг. Тэр хүч чадал ба хүндэтгэлээр хувцасласан бөгөөд Инээмсэглэлээр ирээдүйгээ угтана. Тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг сургадаг. Тэр гэр орондоо санаа тавих бөгөөд залхуурахыг үл мэднэ. Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө. Эр нөхөр нь ч гэсэн түүнийг магтан “Олон эмэгтэйчүүд сайн үйл хийдэг ч чи тэднээс илүү билээ” хэмээнэ. Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон. Харин ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай. Ажил үйлсийнх нь үр жимсийг түүнд өг. Ажил үйлс нь дааман хаалган дээр түүнд хүндэтгэлийг авчрах болтугай.