СУРГААЛТ ҮГС 28:1-28

СУРГААЛТ ҮГС 28:1-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад хар санаатан зугтдаг бол Зөв шударга хүн арслан мэт зоригтой. Хууль захирамжийг биелүүлэхээс татгалздаг улс орон олон захирагчидтай байдаг. Харин ухаалаг агаад мэдлэгтэй хүний хүчинд улс орон удаан тогтоно. Эгэл дорд хүмүүсийг зовоодог ядуу хүн хоол хүнс үлдээлгүй тариаланг усанд автуулах аадар бороотой адил ажээ. Хуулийг орхигдуулдаг хүмүүс хар санаатныг магтдаг. Харин хуулийг сахигсад хар санаатныг эсэргүүцдэг. Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй. Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгодог. Замаас гажсан баян байснаас үнэнч шударга дотор алхагч ядуу байсан нь дээр. Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн. Харин ховдог хүмүүстэй нөхөрлөгч нь өөрийнхөө эцгийг гутаадаг. Мөнгө хүүлэх замаар өмч хөрөнгөө арвижуулагч нь Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө үүнийг хурааж буй хэрэг. Хуулийг үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй. Цэх шулуун явагсдыг хорон муу замд хөтлөгч этгээд нь өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унана. Харин гэм зэмгүй хүн сайныг өвлөнө. Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг. Шударга зөв хүмүүс ялахад, агуу алдар суу байна. Харин хар санаатнууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана. Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ. ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино. Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно. Хорон санаатай захирагч ядууст хандахдаа архирах арслан ба дайрах баавгай мэт юм. Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байдаг. Харин шударга бусаар олсныг үзэн яддаг хүний өдөр хоног уртсана. Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна. Тийм хүнийг бүү дэмж. Гэм зэмгүй алхдаг хүн аврагдах болно. Харин замаасаа гажсан хүн нэгмөсөн унана. Өөрийнхөө газрыг хагалагч хүн талх тариагаар арвин байх болно. Харин хоосон мөрөөдлүүдийг мөшгөгч хүн ядуурлаар арвин байх болно. Итгэлтэй хүн ерөөлөөр бялхах болно. Харин баяжих гэж яарч тэвддэг хүнд заавал шийтгэл ирнэ. Тал засах нь сайн зүйл биш. Учир нь хүн зүсэм талхны төлөө нүгэл үйлддэг. Хорон муу нүдтэй хүн эд баялгийн араас яаравчилдаг боловч Ядуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг. Хэлээрээ зусарддаг хүнээс зэмлэгч хүн илүү их магтаалыг эцэст нь хүртдэг. Эцэг эхээ цөлөмчихөөд, “Энэ бол нүгэл биш” хэмээн хэлэгч болбоос Сүйтгэгч хүний хамсаатан юм. Омог бардам хүн эвдрэлцлийг өдөөдөг. Харин ЭЗЭНд итгэгч хүн хөгжин дэвших болно. Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг. Харин мэргэн хүн аюулаас зайлдаг. Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч дутагдахгүй. Харин ядуу хүнээс нүдээ буруулагч хүн зүхэгдэнэ. Хар санаатай хүмүүс гарч ирэх цагт хүмүүс нуугдана. Харин тэднийг унах цагт шударга зөв хүмүүс олширно.

СУРГААЛТ ҮГС 28:1-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол Зөвт нь арслан мэт зоригтой. Тэрслэл олширсон газар захирагч олшрох Тэнэгэр ухаант захирагч удаан тогтнох. Ядуу хэрнээ ядууг зовоогч нь Хоол хүнс таслах аадар мэт. Хуулийг умартагсад нь буруутнуудыг магтана. Хуулийг сахигсад нь харин тэдний эсрэг тэмцэнэ. Ёрын мууг үйлдэгчид шударга ёсыг үл ухна. ЭЗЭНийг хайгчид бүхнийг сайн ойлгоно. Тахир замт баянаас Өөлөх гэмгүй алхагч ядуу нь дээр. Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн Харин үрэн таран хийгчидтэй нөхөрлөгч нь эцгийгээ гутаадаг. Мөнгө хүүлэх, түргэн ашиг олох замаар Өмч хөрөнгөө арвижуулагч нь Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө Үүнийг хурааж буй хэрэг. Хуулийг үл сонсдог хүний Залбирал нь ч хүртэл жигшүүртэй. Ёрын муу замаар шударга нэгнийг төөрөлдүүлэгч нь Ухсан нүхэндээ өөрөө унах. Гэм зэмгүй хүн сайныг өвлөх. Баян хүн өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг бол Ухаантай ядуу хүн түүнийг илчилнэ. Зөвтүүд амжилт олох нь агуу алдар суу Буруутууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана. Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү. Хэзээд эмээдэг хүнд ерөөл орших, Харин зүрхээ хатууруулдаг хүн гай зовлонд унах. Буруут захирагч ядуу түмний дээр байх нь Архирах арслан ба дайрах баавгай мэт. Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байх, Харин шударга бус олзыг үзэн яддаг хүний Өдөр хоног уртсах. Амь цусны буруутан үхэн үхтлээ оргодол Ийм хүнийг бүү дэмж. Гэм зэмгүйгээр явагч хүн аврагдах, Харин тахир замаар явагч хүн нэгмөсөн унах. Газраа тариалагч талхаар арвин байх. Хоосны араас мөшгөгч хүн ядуурлаар арвин байх. Итгэлтэй хүнд ерөөл олшрох, Харин баяжих гэж яардаг хүн шийтгүүлэлгүй эс өнгөрөх. Нүүр тал засах нь сайн юм биш Зүсэм талхны төлөө хүн зүй бусыг үйлдэх нь бий. Хорон нүдтэй хүн эд баялгийн араас яаравчлах, Харин ядуурал түүнд ирчихээд буйг үл анзаарах. Хүнийг зэмлэгч нь эцэстээ Хэлээрээ зусардагчаас илүү их нигүүлслийг хүртэнэ. Эцэг эхээ цөлөмчихөөд, “Гэмт үйлдэл бус” гэж хэлэгч болбоос Эвдэн сүйтгэгч хүний хамсаатан мөнөөс мөн. Эрэлхүү хүн эвдрэлцэл өдөөх. ЭЗЭНд найдагч тосон чөмөглөх. Мунхаг хүн болбоос зүрхэндээ итгэдэг Мэргэн хүн харин аюулаас зайлдаг. Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч үл дутагдах Харин нүдээ буруулагч хүн олонтаа зүхэгдэх. Буруутууд дээш гарахад хүмүүс нуугдана. Тэднийг унах цагт зөвтүүд олширно.