СУРГААЛТ ҮГС 16:1-33

СУРГААЛТ ҮГС 16:1-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч, Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм. Хүмүүний хамаг зам өөрийнх нь нүдэнд цэвэр харагддаг бол ЭЗЭН учир шалтгаанаар нь цэгнэн үздэг. Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ. ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ. Тэр ч байтугай хар санаатнууд хорон муугийн өдөрт зориулагдсан аж. Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм. Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ. Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна. Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагт Тэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг. Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр. Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол ЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг. Хааны амнаас тэнгэрлэг шийдвэр гардаг. Шүүх цагт түүний ам алдаа гаргах ёсгүй. Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг. Уутан доторх бүх туухай Түүнийх юм. Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг учраас Хорон муу явдалтай холбогдох нь хааны хувьд жигшүүртэй юм. Шударга зөв уруул хаанд таалагддаг. Үнэн ярьдаг хүнийг хаан хайрладаг. Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг. Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй. Түүний таалал нь хаврын борооны үүл мэт буюу. Алт авснаас мэргэн ухааныг олох нь илүү дээр. Мөн ухааныг авах нь мөнгөнөөс ч илүү үнэтэй. Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал билээ. Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална. Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг. Бардам хүмүүстэй олз хувааснаас, Дорд хүмүүсийн дунд даруу сүнстэй байсан нь хавьгүй дээр. Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно. ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй! Зүрхэндээ мэргэн хүн ухаалаг хэмээгдэнэ. Амтат үг яриа ятгалгыг улам нэмэгдүүлнэ. Өөрийг нь эзэмшигч хүнд ухаан бол амийн ундарга юм. Харин мунхаг хүний сахилга нь мунхаглал юм. Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөд Уруулдаа ятгалгыг нэмдэг. Тааламжит үгс зөгийн балтай сархинаг ажгуу. Тэр нь сэтгэлд амтат бурам ба ясанд эм болой. Хүнд зөв мэт санагдавч, Төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг. Хөдөлмөрлөгч хүний хооллох хүсэл өөрийнх нь төлөө ажилладаг. Түүний өлсгөлөн байдал нь түүнийг хөтөлдөг. Хар санаат хүн хорон мууг ухаж гаргадаг. Түүний үгс дүрэлзэх гал мэт болой. Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг. Хов жив тараагч хүн дотнын анд нөхдийг салгадаг. Хүчирхийлэгч хүн хөршөө уруу татаж, Сайн биш замаар дагуулдаг. Нүдээ ирмэгч хүн гажсан зүйлсийг сэддэг. Хөмхийгөө зуугч хүн хорон мууг гүйцэлдүүлдэг. Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог. Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр. Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.

СУРГААЛТ ҮГС 16:1-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Зүрхний төлөвлөгөө хүнээс. Хэлний хариулт ЭЗЭНээс. Хүмүүний бүхий л зам нүдэнд нь цэвэр ч Сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ. Үйлсээ ЭЗЭНд даатга, бодол санаа чинь биелнэ. ЭЗЭН, бүгдийг зорилготой бүтээсэн тул Буруутууд шийтгэлийн өдрийнх. Зүрх бардам бүгд ЭЗЭНд жигшүүртэй. Гар барьсан ч болно, шийтгүүлэх нь лавтай. Энэрэл хайр ба үнэнээр хилэнц цагаадна. ЭЗЭНээс эмээвээс ёр муугаас зайлна. Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг Дайснуудтай нь хүртэл Тэр эв түнжинтэй байлгана. Шударга бусаар олох үлэмж их орлогоос Зөвт байдлаар олсон бага нь дээр. Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг. Хааны уруулд тэнгэрлэг шийдвэр бий. Шүүх цагт ам нь харш юм үйлдэх ёсгүй. Шударга жин ба дэнс ЭЗЭНийх. Уутан доторх туухай бүхэн нь Түүний үйлс. Зөвт байдал нь хаан ширээний тулгуур. Цөвт буруу явдал хаадад жигшүүр Зөвт уруул хаанд тааллыг олох. Чигч шударгыг яригчийг тэрээр хайрлах. Хааны уур хилэн үхлийн элч буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулмуй. Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй. Таалал нь хаврын борооны үүл мэт буюу Мэргэн ухаан олж авах нь алтнаас хамаагүй дээр. Мөн ухаарлыг олж авах нь мөнгө сонгосноос ч дээр. Чигч шударга хүмүүсийн харгуй ёрын муугаас холдоно. Замаа анхаардаг хүн амиа хамгаална. Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан. Ядуучуудын хамт даруу сүнстэй байх нь Бардамнагчдын хамт арвин олз хувааснаас дээр. Үйл хэрэгтээ анхаарагч нь амжилтад. ЭЗЭНд итгэгч нь жаргалд. Зүрх мэргэн аваас ухаарагч хэмээн дуудагдана Үг амтат бол ятгалга хүчтэй болно. Мэргэн ухаан хэнд байна Түүнд амийн ундарга юм. Мунхаглал, мунхаг хүндээ шийтгэл. Мэргэний зүрх амаа сургамжилж, уруулынхаа ятгалгыг нэмнэ. Тааламжит үгс зөгийн балтай сархинаг мэт. Сэтгэлд бурам, ясанд эм буюу. Хүнд өөрт нь зөв мэт зам Харин эцэс нь үхлийн зам. Ажилчныг ажиллуулагч нь хооллох хүсэл нь. Ажилд гуядагч нь хоосон ходоод нь. Үл бүтэх хүн ёрын мууг малтаж Хуйхлах гал мэт ярих. Замаасаа гажигч эвдрэлцлийг тарих. Хов жив тараагч дотнын нөхдийг салгах. Хүчирхийлэгч, хөршөө уруу татаж, Сайн бус замаар дагуулна. Нүдээ ирмэгч хүн гаж зүйлсийг сэдэх. Хөмхийгөө зуугч хүн ёрын мууг гүйцэтгэх. Буурал толгой алдрын титэм. Зөвт байдлын зам дээр үүнийг олно. Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос ч дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс ч дээр. Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.