СУРГААЛТ ҮГС 15:20-33

СУРГААЛТ ҮГС 15:20-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Мэргэн хүү эцгийгээ баярлуулах атал Мулгуу хүн эхийгээ ч үл тоомсорлох. Ухаан тарчиг мунхаглалд хөөрөх. Ухаарагч хүн цэх замаар явах. Зөвлөмж дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтэх. Зөвлөх олон болбоос бүтэмжтэй болох. Онож хэлсэн хариултад хүн бүр баярладаг. Цагаа олсон үг юутай сайхан бэ! Бодлоготой хүнийг амийн зам дээш хөтлөх. Доор буй Үхэгсдийн орноос ангижруулах. Бардам хүний гэрийг ЭЗЭН нураана. Бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтооно. Ёрын муу төлөвлөгөө ЭЗЭНий жигшүүр. Нигүүлсэнгүй үгс Түүнд ариун. Ёс бус ашигт шунагч гэрийнхэндээ лай тарих. Хээл хахуулийг үзэн ядагч амьд гарах. Зөвтүүдийн зүрх яаж хариулахаа цэгнэх. Буруутын ам ёрын мууг ундраах. Буруутуудаас ЭЗЭН алс. Зөвтийн залбирлыг Тэр сонсоно. Гэрэлтсэн харц зүрхийг баярлуулах. Сайн мэдээ ясыг шимжүүлэх. Амийн сануулгад дуулгавартай чих Мэргэдийн дунд байх. Сургамжийг үл ойшоогч өөрийгөө үл хэрэгсэх. Сануулгад дуулгавартай нэгэн ухааныг олж авах. ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны сургамж Алдрын өмнө даруу дорд байдал.

СУРГААЛТ ҮГС 15:20-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг. Харин мунхаг хүн эхийгээ басамжилдаг. Ухаанаар тарчиг хүнд мунхаг үйл үйлдэх нь баяр хөөр болдог бол Ухаарагч хүн цэх замаар явдаг. Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй. Оновчтой хариулт хүнийг баяртай болгодог. Цагаа олсон үг юутай сайхан бэ! Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм. Энэ нь түүнийг доор буй Үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм. ЭЗЭН бардам хүний гэрийг нураана. Харин бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтоож өгнө. Хорон муу төлөвлөгөөнүүд ЭЗЭНий хувьд жигшүүртэй бол Зөв үгс Түүнд тааламжтай. Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг. Харин хээл хахуулийг үзэн ядагч нь амьтай. Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг. Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинө. ЭЗЭН хар санаатнаас хол байдаг атлаа Шударга зөв хүний залбирлыг сонсдог. Дулаахан харц зүрхийг баярлуулдаг. Сайн мэдээ ясанд эм болдог. Хэний чих амь өгөгч зэмлэлийг сонсоно, Тэр хүн мэргэдийн дунд амьдарна. Хэн сахилгыг үл ойшооно, Тэр өөрийгөө жигшиж байгаа хэрэг. Харин зэмлэлийг сонсдог хүн ухааныг олж авна. ЭЗЭНээс эмээхүй нь хүнд мэргэн ухааныг сургадаг. Даруу зан нь алдар хүндийн өмнө ирнэ.