СУРГААЛТ ҮГС 15:1-33

СУРГААЛТ ҮГС 15:1-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө. Мэргэн хүний хэл мэдлэгийг зуучилдаг бол Мунхаг ам мунхаглал урсгадаг. ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг ба Хорон мууг хийгээд сайныг хардаг. Анагаадаг хэл амийн мод юм. Харин хазааргүй хэл сүнсийг бусниулдаг. Мунхаг хүн эцгийнхээ сургамжийг эс тоомсорлодог. Харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн. Шударга зөв хүний гэрт үлэмж их баялаг байдаг. Харин хорон санаатны орлого гай зовлон билээ. Мэргэн хүний уруул мэдлэгийг дэлгэрүүлдэг бол Мунхгуудын зүрх тийм биш юм. Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг. Хар санаатны зам ЭЗЭНий хувьд жигшүүртэй боловч Шударга зөвийн араас явагчдыг Тэр хайрладаг. Хатуу шийтгэл замаасаа гажигч нарт зориулагджээ. Зэмлэлийг үзэн ядагч нь үхнэ. Үхэгсдийн орон хийгээд Сүйрэл ЭЗЭНий өмнө ил байдаг бол Хүмүүсийн зүрх сэтгэл бүр ч ил байх бус уу? Басамжлагч нэгэн өөрийг нь зэмлэгчийг хайрладаггүй. Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй. Зүрх жаргалтай бол нүүр царай хөгжилтэй. Харин зүрх гутрах үед сүнс эмтрэнэ. Гярхай хүний оюун ухаан мэдлэгийг эрж хайдаг. Харин мунхгуудын ам мунхаглалыг л зооглодог. Зовж шаналсан хүмүүсийн бүх л өдрүүд муу муухай. Харин хэний зүрх хөгжилтэй байна, Түүнд найр наадам үл тасарна. Асар их хөрөнгөтэй сэтгэл түгшиж сууснаас, Бага сага юмтай ЭЗЭНээс эмээж суусан нь хавьгүй дээр. Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас, Хайр буй газрын өвсөн хоол нь дээр. Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг бол Уурлахдаа удаан хүн хэрүүл маргааныг намжаадаг. Залхуугийн зам үүргэнэн хашаа мэт аж. Шударга хүмүүсийн зам шулуун аж. Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг. Харин мунхаг хүн эхийгээ басамжилдаг. Ухаанаар тарчиг хүнд мунхаг үйл үйлдэх нь баяр хөөр болдог бол Ухаарагч хүн цэх замаар явдаг. Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй. Оновчтой хариулт хүнийг баяртай болгодог. Цагаа олсон үг юутай сайхан бэ! Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм. Энэ нь түүнийг доор буй Үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм. ЭЗЭН бардам хүний гэрийг нураана. Харин бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтоож өгнө. Хорон муу төлөвлөгөөнүүд ЭЗЭНий хувьд жигшүүртэй бол Зөв үгс Түүнд тааламжтай. Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг. Харин хээл хахуулийг үзэн ядагч нь амьтай. Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг. Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинө. ЭЗЭН хар санаатнаас хол байдаг атлаа Шударга зөв хүний залбирлыг сонсдог. Дулаахан харц зүрхийг баярлуулдаг. Сайн мэдээ ясанд эм болдог. Хэний чих амь өгөгч зэмлэлийг сонсоно, Тэр хүн мэргэдийн дунд амьдарна. Хэн сахилгыг үл ойшооно, Тэр өөрийгөө жигшиж байгаа хэрэг. Харин зэмлэлийг сонсдог хүн ухааныг олж авна. ЭЗЭНээс эмээхүй нь хүнд мэргэн ухааныг сургадаг. Даруу зан нь алдар хүндийн өмнө ирнэ.

СУРГААЛТ ҮГС 15:1-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх. Мэргэдийн хэл мэдлэг тараах. Мулгуучуудын ам мунхаглал оргилуулах. ЭЗЭНий мэлмий хаа сайгүй. Ёрын муу хийгээд сайныг ч бас харах. Амарлингуй хэл амийн мод. Хазааргүй хэл сүнсний бусниулал. Эцгийн сургамж мунхагт эс тоомсорлогдох. Түүний гэсгээлийг хэрсүү нэгэн сахих. Зөвт хүний гэрт арвин их баялаг. Буруутын орлого харин лай ланчиг. Мэргэн хүний уруул Мэдлэг дэлгэрүүлдэг бол Мулгуучуудын зүрх тийм бус. Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах. Буруутын зам ЭЗЭНд жигшүүр. Зөвийг мөшгөгчийг Тэр хайрлана. Замаасаа гажигсдад хатуу сахилга. Гэсгээлтийг үзэн ядагсдад үхэл. Үхэгсдийн орон хийгээд Сүйрлийн газар ЭЗЭНий өмнө байхад Хүний хөвгүүдийн зүрх бүр ч ил бус уу? Басамжлагч нь зэмлэгчийг хайрладаггүй. Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй. Зүрх хөгжилтэй бол царай тунгалаг. Зүрх шаналахад сүнс зовууртай. Ухаарагч хүний зүрх мэдлэгийг эрэх. Мулгуучуудын ам мунхаглалд идээших. Шаналагчдын өдрүүд хэцүүгээр дүүрэн. Хөгжилтэй зүрхэнд найр наадам дүүрэн. ЭЗЭНээс эмээн хомсхон суух нь Асар их хөрөнгөтэй бас түгшүүртэй сууснаас дээр. Үзэн ядалтаар бордсон шарын махнаас, Үнэн хайр буй газрын өвсөн хоол дээр. Хурц зантай хүн хэрүүл өдөөх. Уурлахдаа удаан хүн маргааныг намжаах. Залхуугийн зам сундуугаар дүүрэн. Чигч шударгын жим шулуун чигээрээ. Мэргэн хүү эцгийгээ баярлуулах атал Мулгуу хүн эхийгээ ч үл тоомсорлох. Ухаан тарчиг мунхаглалд хөөрөх. Ухаарагч хүн цэх замаар явах. Зөвлөмж дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтэх. Зөвлөх олон болбоос бүтэмжтэй болох. Онож хэлсэн хариултад хүн бүр баярладаг. Цагаа олсон үг юутай сайхан бэ! Бодлоготой хүнийг амийн зам дээш хөтлөх. Доор буй Үхэгсдийн орноос ангижруулах. Бардам хүний гэрийг ЭЗЭН нураана. Бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтооно. Ёрын муу төлөвлөгөө ЭЗЭНий жигшүүр. Нигүүлсэнгүй үгс Түүнд ариун. Ёс бус ашигт шунагч гэрийнхэндээ лай тарих. Хээл хахуулийг үзэн ядагч амьд гарах. Зөвтүүдийн зүрх яаж хариулахаа цэгнэх. Буруутын ам ёрын мууг ундраах. Буруутуудаас ЭЗЭН алс. Зөвтийн залбирлыг Тэр сонсоно. Гэрэлтсэн харц зүрхийг баярлуулах. Сайн мэдээ ясыг шимжүүлэх. Амийн сануулгад дуулгавартай чих Мэргэдийн дунд байх. Сургамжийг үл ойшоогч өөрийгөө үл хэрэгсэх. Сануулгад дуулгавартай нэгэн ухааныг олж авах. ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны сургамж Алдрын өмнө даруу дорд байдал.

СУРГААЛТ ҮГС 15:1-33

СУРГААЛТ ҮГС 15:1-33 АБ2004СУРГААЛТ ҮГС 15:1-33 АБ2004СУРГААЛТ ҮГС 15:1-33 АБ2004СУРГААЛТ ҮГС 15:1-33 АБ2004

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна