СУРГААЛТ ҮГС 12:11-23
СУРГААЛТ ҮГС 12:11-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Газраа тариалагч цадах талхтай. Утгагүй хоосныг мөшгөгч ухаан хомстой. Буруут нь ёрын муу олзыг хүснэ. Зөвтийн үндэс үр жимс ургуулна. Цөвт муу нь уруулынхаа гэмт үйлдэлд урхидуулна. Зөвт нь зовлон шаналангаас ч зайлна. Амных нь үр жимс хүнийг сайнаар цатгадаг. Гарынх нь үйлс эргээд хүмүүнд цутгадаг. Мунхгийн зам нүдэнд нь зөв. Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсох. Мунхгууд уураа даруй үзүүлэх. Хэрсүү нь басамжлалыг үл хэрэгсэх. Үнэнийг яригч нь зөвийг. Хуурамч гэрчлэгч заль мэхийг. Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт. Харин мэргэн хүний хэл илааршлыг авчрах. Үнэнч уруул үүрдийг авах. Худалч хэл хормыг л давах. Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд заль мэх. Амар тайвныг зөвлөгсдөд баяр баясгалан. Зөвтийг хор хөнөөл нөмрөхгүй. Буруутын гай тотгор дундрахгүй. Худалч уруул ЭЗЭНд жигшүүр. Хуудуугүй загнагсад Түүнд таалал. Хэрсүү нэгэн мэдлэгээ далдлах. Мулгуучуудын зүрх мунхаглалаа зарлах.
СУРГААЛТ ҮГС 12:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно. Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг. Хорон санаа бол өөдгүй хүний олз омог юм. Харин шударга зөв хүний үндэс нь үр жимс ургуулна. Хорон муу хүн уруулынхаа нүгэлд урхидуулдаг бол Шударга зөв хүн зовлонгоос зайлдаг. Хэлсэн үгсийнхээ үр жимсний улмаас хүн сайн сайхнаар цадна. Хүний гараас гарах үйлс буцаж өөрт нь ирнэ. Мунхгийн зам өөрийнх нүдэнд нь зөв харагддаг. Харин мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог юм. Мунхгийн уцаар тэр дороо мэдэгдэнэ. Харин хэрсүү нэгэн доромжлолыг өнгөрөөнө. Үнэнийг ярьдаг хүн зөв юмыг хэлж буй хэрэг. Харин хуурамч гэрчлэлд заль мэх байдаг. Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг. Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай. Хар санаа нь хорон мууг сэдэгсдийн зүрхэнд оршдог. Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр баясгалан байдаг. Зөв шударга хүнд хор хөнөөл тохиолдохгүй. Харин хорон санаатан гай тотгороор дүүрдэг. Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол Итгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг. Хэрсүү хүн мэдлэгээ үзүүлэн болгодоггүй. Харин мунхаг хүмүүсийн зүрх мунхаг явдлаа зарлан тунхагладаг.