СУРГААЛТ ҮГС 12:1-25

СУРГААЛТ ҮГС 12:1-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Журамт байдалд дуртай хүн мэдлэгт дуртай. Харин зэмлэлийг үзэн ядагч нь мунхаг болой. Сайн хүн ЭЗЭНээс тааллыг хүртэнэ. Ов мэхтэнг Тэр шийтгэнэ. Хар санаа хүний оршихуйн тулгуур болж чадаагүй юм. Харин шударга зөвийн үндэс хэзээд хэвээр үлдэнэ. Сайн эхнэр нөхөртөө титэм юм. Харин нөхрөө ичгүүрт оруулдаг эхнэр түүний ясан дахь идээ бээр мэт буюу. Шударга зөв хүний бодол санаа зөв байдаг. Харин хар санаатны зөвлөгөө нь хуурамч аж. Хар санаатны үгс нь цус урсгахаар бүгдэг. Харин цэх шулуун хүмүүсийн ам тэднийг аварна. Хорон санаатнууд үлдэхгүй сүйрч устана. Харин шударга зөв хүний орон гэр нь бат зогсоно. Хүн билиг ухааны хэрээр хүндэтгүүлэн магтуулдаг бол Гуйвуулагч нэгэн гадуурхагдана. Талхаар тарчиг атлаа өөрийгөө өргөмжилснөөс, Хэн ч биш атлаа зарцтай байсан нь хавьгүй дээр. Зөв шударга хүн малынхаа төлөө санаа тавьдаг бол Хар санаатны нинжин сэтгэл нь ч хахир аж. Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно. Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг. Хорон санаа бол өөдгүй хүний олз омог юм. Харин шударга зөв хүний үндэс нь үр жимс ургуулна. Хорон муу хүн уруулынхаа нүгэлд урхидуулдаг бол Шударга зөв хүн зовлонгоос зайлдаг. Хэлсэн үгсийнхээ үр жимсний улмаас хүн сайн сайхнаар цадна. Хүний гараас гарах үйлс буцаж өөрт нь ирнэ. Мунхгийн зам өөрийнх нүдэнд нь зөв харагддаг. Харин мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог юм. Мунхгийн уцаар тэр дороо мэдэгдэнэ. Харин хэрсүү нэгэн доромжлолыг өнгөрөөнө. Үнэнийг ярьдаг хүн зөв юмыг хэлж буй хэрэг. Харин хуурамч гэрчлэлд заль мэх байдаг. Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг. Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай. Хар санаа нь хорон мууг сэдэгсдийн зүрхэнд оршдог. Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр баясгалан байдаг. Зөв шударга хүнд хор хөнөөл тохиолдохгүй. Харин хорон санаатан гай тотгороор дүүрдэг. Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол Итгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг. Хэрсүү хүн мэдлэгээ үзүүлэн болгодоггүй. Харин мунхаг хүмүүсийн зүрх мунхаг явдлаа зарлан тунхагладаг. Хичээл зүтгэлтэй хүний гар удирдан дагуулдаг бол Лазан гар албадлагын ажилчин болгож орхино. Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол Эелдэг үг түүнийг баярлуулдаг.

СУРГААЛТ ҮГС 12:1-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Сургамжийг хайрлагч нь мэдлэгт хайртай. Гэсгээлтийг зүхэгч нь харанхуй бүдүүлэг. Сайн хүн ЭЗЭНий тааллыг олдог. Баширыг сэдэгчийг Тэр буруутгадаг. Гэм буруугаар хүн эс оршин тогтнох. Зөвтийн үндэс хэзээд хөдөлшгүй байх. Зохистой сайн эхнэр нөхрийн титэм. Гутамшигт эхнэр ясанд нь буглах идээ бээр. Зөвтийн санаа зүйтэй. Буруутын удирдамж хуудуутай. Буруутын үгс нь цус урсгахаар отно. Чигч шударга хүмүүсийн ам тэднийг аварна. Буруутууд үлдэхгүй сүйрч устана. Зөвтийн орон гэр нь бат зогсоно. Хэрсүү хүн хүндэтгэл магтаалыг. Гуйвдаг зүрх гадуурхлыг. Талх хомс өөрийгөө өргөмжилснөөс Туслах зарцтай хүндлэлгүй нэгэн нь дээр. Зөвт нэгэн малынхаа амийг ч хэрэгсэх Буруутуудын энэрэл нь ч үл хэлтрүүлэх. Газраа тариалагч цадах талхтай. Утгагүй хоосныг мөшгөгч ухаан хомстой. Буруут нь ёрын муу олзыг хүснэ. Зөвтийн үндэс үр жимс ургуулна. Цөвт муу нь уруулынхаа гэмт үйлдэлд урхидуулна. Зөвт нь зовлон шаналангаас ч зайлна. Амных нь үр жимс хүнийг сайнаар цатгадаг. Гарынх нь үйлс эргээд хүмүүнд цутгадаг. Мунхгийн зам нүдэнд нь зөв. Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсох. Мунхгууд уураа даруй үзүүлэх. Хэрсүү нь басамжлалыг үл хэрэгсэх. Үнэнийг яригч нь зөвийг. Хуурамч гэрчлэгч заль мэхийг. Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт. Харин мэргэн хүний хэл илааршлыг авчрах. Үнэнч уруул үүрдийг авах. Худалч хэл хормыг л давах. Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд заль мэх. Амар тайвныг зөвлөгсдөд баяр баясгалан. Зөвтийг хор хөнөөл нөмрөхгүй. Буруутын гай тотгор дундрахгүй. Худалч уруул ЭЗЭНд жигшүүр. Хуудуугүй загнагсад Түүнд таалал. Хэрсүү нэгэн мэдлэгээ далдлах. Мулгуучуудын зүрх мунхаглалаа зарлах. Зүтгэлтэй хүний гар удирдан дагуулна. Лазан хүн албадлагын ажил хийнэ. Шаналал хүмүүний зүрхийг дарамтлах. Сайн үг баярлуулах.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна