СУРГААЛТ ҮГС 11:10-23
СУРГААЛТ ҮГС 11:10-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана. Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно. Шулуун шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшилдэг бол Хар санаатны ам түүнийг доош нураадаг. Хөршдөө зэвүүцэгч нь ухаанаар дутмаг байгаа хэрэг. Харин ухаалаг нэгэн дуугүй байна. Задгай амтай хүн нууцыг задруулдаг бол Итгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм. Удирдамжгүй аваас ард түмэн нь мөхнө. Харин олон зөвлөгчтэй аваас ялалтанд хүрнэ. Харь хүний төлөө батлан даагч нь үүнийхээ төлөө үнэхээр зовно. Харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна. Нигүүлсэнгүй эмэгтэй хүндэтгэлийг хүлээнэ. Шаргуу дайчин эр баялгийг олно. Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг бол Хэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана. Хорон санаатай хүн хуурамч хөлсөө хүртэнэ. Харин шударга зөвийг таригч нэгэн жинхэнэ шагналыг хүртэнэ. Шударга зөвийг тууштай дагагч нь аминд хүрнэ. Хорон мууг даган мөшгөгч нь өөрийн үхэл уруугаа тэмүүлнэ. Зоргоороо авирлагч хүн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол Гэмгүйгээр алхдаг нэгэн Түүний таалалд нийцдэг. Хар санаатан зайлшгүй шийтгүүлнэ. Харин шударга зөв хүний үр удам нь чөлөөлөгдөнө. Үзэсгэлэнтэй атлаа хөнгөн хуумгай эмэгтэй нь Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу. Шударга зөв хүний хүсэл нь үргэлж сайн сайхан юм. Харин хорон хүний хүсэл уур хилэн аж.
СУРГААЛТ ҮГС 11:10-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Зөвтүүдийг дэвжихэд хотоороо баярлах. Буруутууд мөхөхөд уухай хадаах. Чигч шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшлэх. Буруутуудын ам түүнийг доош нураах. Хөршдөө зэвүүцэгч нь ухвар мөчид. Ухаан бодролтой хүн дуугүй. Илүү үгтэн нууцыг задруулах. Итгэлт сүнстэн хэргийг нууцлах. Удирдамжгүй аваас ард түмэн мөхөх. Харин олон зөвлөхтэй аваас аврагдах. Гаднын хүний төлөө батлан даах нь гай гамшиг авчрах. Үүнээс зайлсхийгч нь аюулгүй суух. Нигүүлсэнгүй эмэгтэй алдрыг авах. Шаргуу дайчин эр баялгийг олох. Энэрэнгүй хүн амин сэтгэлээ тэтгэнэ. Хэрцгий ширүүн хүн лайгаа эдэлнэ. Буруут нь хуурмаг хонжоо олно. Зөвийг таригч нь жинхэнэ шагнал хүртэнэ. Зөвийг тууштай дагавал амийг. Буруу мууг мөшгөвөл үхлийг. Бачит зүрхтэн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол Гэм зэмгүй алхагч нь Түүний таалалд нийцдэг. Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй нь баттай. Зөвтийн үр удам чөлөөлөгдөх нь лавтай. Үзэсгэлэнтэй атлаа ухваргүй эмэгтэй нь Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу. Зөвтийн хүсэл зөвхөн сайныг. Буруутын горьдлого уур хилэнг.