СУРГААЛТ ҮГС 1:20-33
СУРГААЛТ ҮГС 1:20-33 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мэргэн ухаан нь гудамжнуудад чангаар зарлан дуудаж, Олон хөлийн газар дуугаа өндөрсгөдөг. Шуугиант гудамжнуудын гол газруудад тэр орилон хашхирдаг бөгөөд Хотын дааман хаалган дээр өөрийнхөө үгсийг хэлдэг юм. “Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хир удаан хайрлах вэ? Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж, Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ? Миний зэмлэлд эргэн ханд. Харагтун, би та нарын дээр сүнсээ бялхуулна, та нарт үгээ мэдүүлнэ. Би та нарыг дуудсан, харин та нар үл хэрэгссэн. Гараа сунгахад минь хэн чинь ч анхаарсангүй. Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшоон, зэмлэлийг минь эс хүссэн. Та нарын гамшиг сүйрэл дээр чинь би инээж, Айдас хүйдэст нэрвэгдэх цагт чинь би элэг доог хийнэ. Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч, Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана. Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө. Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно. Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгов. Тэд миний зөвлөгөөг хүлээж авахгүй, Миний бүх зэмлэлийг хайхраагүй. Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж, Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно. Учир нь гэнэн хүний гуйвамтгай байдал тэднийг хөнөөнө. Мунхгийн маадгар байдал тэднийг устгана. Харин намайг сонсдог хүн аюулгүй байж, Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна”.
СУРГААЛТ ҮГС 1:20-33 Ариун Библи 2013 (АБ2013)
Гудманд ч мэргэн ухаан хашхирч, Талбайд ч өндөр дуугаар дуугарч, Олон хөлийн газар ч орилж, Хотын гулдан хаалганы үүдэнд ч бас үгсээ тэр өгүүлрүүн: “Гэнэнчүүд ээ та нар хэдий болтол Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ? Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж, Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ? Гэсгээлтэд минь эргэн ханд Тэгвэл, би сүнсээ та нар дээр бялхуулна, Үгээ би та нарт мэдүүлнэ. Дуудахад минь та нар үл хэрэгссэн Даллан сунгах гарыг минь хэн ч эс анхаарсан тул Зөвлөгөөг минь та нар үл ойшоон Гэсгээлтийг минь ч эс хүссэн учир Гай гамшиг дээр чинь би инээнэ Айдас нөмрөхөд чинь би элэглэнэ, Айдас та нар дээр шуурга мэт ирэхэд ч Гай гамшиг та нарыг хуй мэт нөмрөх үед ч Зовлон шаналан ба гай тотгор та нар дээр буух цагт ч тийн хандана. Тэгээд тэд намайг дуудна, Би эс хариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна, Би эс олдоно. Учир нь тэд мэдлэг юугий минь үзэн ядсан, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон, Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй, Зэмлэлийг минь тэд хайхраагүй, Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж, Сэдсэндээ бас цадах л болж. Гэнэн хүн эргэж шарвах агаад үүндээ үхмүй Мулгуу нэгэн хэнэггүй бөгөөд түүндээ сөнөмүй. Аюулгүй байх болно, харин намайг сонсогч нь Айдас хүйдэсгүйгээр аж төрөх болно.”