ФИЛИППОЙ 3:3-14
ФИЛИППОЙ 3:3-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод эс түшиглэх биднийх л жинхэнэ хозлол юм шүү. Гэсэн ч би махбодод түшиглэж болох юм. Хэн нэгэн нь махбодод түшиглэх гэдэг бол би бүр ч илүү. Би найм дахь хоногтоо хозлуулсан, израиль үндэстнийх, Бениамин овгийн, еврейгээс төрсөн еврей, хууль ёсны фарисай, идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, хууль дахь зөвт байдлаар бол өө сэвгүй байв. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэснээр ирдэг, итгэлд суурилсан Бурханы зөвт байдалтайгаар Түүнд би олдохын тулд юм. Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд, үхэгсдийн амилалд хүрч очмоор байна. Би хэдийнээ олж авсандаа эсвэл хэдийнээ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд мөрддөг. Ах дүү нар аа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг.
ФИЛИППОЙ 3:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ. Гэсэн ч би махан биедээ түшиглэж болох юм. Хэрэв хэн нэгэн хүнд махан биедээ түшиглэх санаа байх аваас надад бол бүр ч илүү юм. Би төрөөд найм дахь хоногтоо хөвч хөндүүлсэн, Израиль үндэстэн, Бениамин овгийн хүн, Еврей хүнээс төрсөн Еврей. Хуулиар бол фарисай, идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, Хууль дахь зөвт байдлаар бол гэм зэмгүй байв. Гэвч миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэх итгэлээр ирдэг, итгэлийн үндсэн дээр Бурханаас ирдэг зөвт байдалтай Түүний дотор би олдохын тулд юм. Ингэхдээ би Түүнийг болон Түүний амилалтын хүч, зовлонгуудын нөхөрлөлийг таньж мэдэн, Түүний үхэлтэй адилхан болгогдож, үхэгсдээс амилуулагдахад хүрмээр байна. Би хэдийн хүлээн авсан юм уу, эсвэл хэдийн төгс болчихсондоо биш, харин би бас Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг. Ах дүү нар аа, би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй, харин нэг л юмыг хийдэг, ардахаа мартаж, урьдах зүйлс уруугаа зүтгэн тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг.