НЕХЕМИА 5:9-19
НЕХЕМИА 5:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би дахин хэлэв. —Та нарын хийж буй зүйл чинь сайн юм биш. Та нар бидний дайснуудын болон үндэстнүүдийн зэмлэлээс болж Бурханы айдас дотор явахгүй гэж үү? Үүнтэй адил би болон миний ах дүү нар миний зарц нар ч тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байгаа. Мөнгө хүүлэхээ больцгооё. Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн төглүүд, чидуны төглүүд болон байшингуудыг нь, мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны тосны хүүг тэдэнд буцаан өгцгөө гэв. Тэгэхэд тэд —Бид үүнийг буцаан өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэнчлэн хийнэ гэв. Тиймээс би тахилч нарыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав. Би мөн өөрийн хувцасны хормойг сэгсэрч, Бурхан энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь ийнхүү сэгсрэг. Тэр ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган —Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтав. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв. Түүнээс гадна, би Иудагийн нутагт тэдний захирагчаар томилогдсон өдрөөс буюу Хаан Артаксерксын хорьдугаар оноос гучин хоёрдугаар он хүртэл арван хоёр жилийн турш би өөрөө ч, миний хамаатнууд ч захирагчийн хүнсний хангамжийг идсэнгүй. Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмэнд ачаа үүрүүлж, дөчин мөнгөн шекелээс гадна тэднээс талх, дарс авч байсан. Зарц нар нь хүртэл ард түмнийг ноёлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй. Мөн би энэ хэрмийн ажилд бүх хүчээ шавхан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд миний бүх зарц нар тэнд ажиллахаар цугласан. Түүнээс гадна, бидний эргэн тойронд байсан үндэстнүүдээс бидэн уруу ирэгсдээс гадна зуун тавин иудейчүүд болон захирагчид миний ширээнд хооллодог байв. Өдөр бүр нэг үхэр, зургаан шилдэг хонь төхөөрч байсан төдийгүй, надад мөн шувуудыг бэлтгэдэг байв. Арван хоногт нэг удаа бүх төрлийн дарсыг элбэг дэлбэгээр өгч байв. Гэсэн ч энэ бүхэнд би захирагчийн хүнсний ногдлыг шаардаж байгаагүй. Учир нь энэ ард түмний дээрх боолчлол нь хүнд байв. Бурхан минь, энэ ард түмний төлөө хийсэн бүхний минь дагуу, сайны төлөө намайг санаач.
НЕХЕМИА 5:9-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Би дахин —Та нарын энэ хийж буй зүйлд чинь сайн юм алга. Та нар дайснуудынхаа болон үндэстнүүдийн дарлалд орох гээ юу. Үүнээс л мултрахын тулд Бурханаас эмээж амьдрах ёстой бус уу? Харин би миний ах дүү нар болон үйлчлэгч нар минь ч бас тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байна. Бүгдээрээ энэ өрөө нэхэхээс тэднийг чөлөөлцгөөе. Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн талбай, чидуны цэцэрлэг болон байшингуудыг нь тэдэнд буцааж мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны, тосны өрийг бүү нэх гэж хэлэв. Тэгэхэд тэд —Бид үүнийг буцааж өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэн ёсоор хийнэ гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав. Би мөн хувцасныхаа хормойг сэгсэрч, энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь Бурхан ийнхүү сэгсрэг. Тэр хүн ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган —Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтлаа. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв. Түүнээс гадна, би Иудагийн нутагт тэдний захирагчаар томилогдсон өдрөөс буюу Хаан Артаксерксийн хорьдугаар оноос гучин хоёрдугаар он хүртэл арван хоёр жилийн турш миний бие болон манай хамаатнууд ч захирагчийн хүнс хангамжаа хүртэл идсэнгүй. Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмнээс дөчин мөнгөн шекелээс гадна талх, дарс авч байлаа. Зарц нар нь хүртэл тэднийг ноёлж ард түмэнд давхар ачаа үүрүүлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй. Чухамдаа би энэ хэрмийн ажилд бүх хүчээ зориулан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд бүх зарц нар минь тэнд ажиллахаар цугласан. Түүнээс гадна, эргэн тойронд маань байсан үндэстнүүд дотроос бидэн уруу ирэгсэд болон зуун тавин иудей хүн ба түшмэд миний ширээнд хооллодог байв. Өдөр бүрийн хүнсэнд нэг үхэр, зургаан шилмэл хонь төхөөрч байсан төдийгүй, надад мөн шувуудыг бэлтгэдэг байв. Арван хоногт нэг удаа бүх төрлийн дарсыг тулам тулмаар өгч байв. Энэ ард түмний дээрх боолчлол хангалттай хүнд байсан учир энэ бүхэнд би захирагчийнхаа хүнсний ногдлыг шаардаж байгаагүй билээ. Энэ ард түмэнд хийсэн бүхий л зүйлийн минь төлөө Бурхан минь, надад сайныг санаач.