МАРK 8:1-30

МАРK 8:1-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Дахиад үй түмэн хүн цугларсан тэр өдрүүдэд хүмүүс идэх юмгүй болжээ. Есүс шавь нараа дуудаж, тэдэнд — Би хурсан олныг өрөвдөх юм. Учир нь тэд энд Надтай хамт гурав хонолоо. Тэдэнд ямар ч идэх юм алга. Хэрэв Би тэднийг гэрт нь өлөн зэлмүүн буцаавал тэд замдаа ядарч унах болно. Тэдний зарим нь холоос иржээ гэж айлдав. Шавь нар нь Түүнд —Хэн энэ зэлүүд газар хаанаас эдгээр хүмүүсийг цатгах хангалттай талх олж чадах билээ? гэхэд, Есүс тэднээс —Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд —Долоо гэлээ. Тэр хурсан олныг газар сууцгаа хэмээн тушаагаад, долоон талхыг аван талархал өргөөд, хуваан хүмүүст үйлчлүүлэхийн тулд Өөрийн шавь нартаа өгөв. Шавь нар нь тэдгээрийг хурсан олонд тараав. Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас тараа гэлээ. Хүмүүс идээд цадав. Тэгээд тэд үлдсэн хэлтэрхийнүүдийг нь цуглуулахад долоон том сагс дүүрчээ. Тэнд дөрвөн мянга орчим хүн байлаа. Дараа нь Тэр тэднийг явуулав. Есүс тэр даруй Өөрийн шавь нарын хамт завинд сууж, Далманутын орчимд ирлээ. Фарисайчууд хүрч ирээд Есүсийг сорихын тулд тэнгэрийн нэг тэмдгийг үзүүл хэмээн Түүнээс шаардаж, Түүнтэй маргалдаж эхлэв. Есүс Өөрийн сүнс дотроо гүнээ санаа алдаж —Яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үнэнээр Би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдгийг өгөхгүй гэж айлдлаа. Тэрээр тэднийг орхин завиндаа буцан сууж нөгөө эрэг уруу явав. Тэд талх авахаа мартсан бөгөөд завинд нь ганцхан талх л байлаа. Есүс шавь нартаа зааварлан —Сэрэмжлэгтүн. Фарисайчуудын болон Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв. Тэд өөрсдөд нь талх байхгүй байсныг өөр хоорондоо шүүн ярилцаж эхэлсэнд, Есүс мэдээд тэдэнд —Талхгүй байна гэж юунд та нар ярилцана вэ? Та нар одоо хүртэл ойлгоогүй, ухаараагүй байна гэж үү? Та нар чинь хатуурчихсан зүрх сэтгэлтэй юм уу? Нүдтэй атлаа та нар харахгүй байна уу? Чихтэй атлаа та нар сонсохгүй байна уу? Санахгүй байгаа юм биш биз дээ? Би таван мянган хүнд таван талх хуваан өгөхөд, та нар хэдэн сагс дүүрэн илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд Түүнд —Арван хоёр гэв. — Би дөрвөн мянган хүнд долоон талх хуваан өгөхөд та нар хэдэн том сагс илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд [Түүнд] —Долоо гэж хэлэв. Есүс тэдэнд —Та нар одоо ч ухаарахгүй байна уу? гэсэн юм. Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв. Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад, нөгөө хүн хараад —Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ. Есүс түүнд —Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав. Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгон уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад, тэд Түүнд —Баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв. Есүс цааш нь тэднээс —Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр —Та бол Христ мөн гэж хэллээ. Тэр тэдэнд хэн нь ч Өөрийнх нь тухай ярьж болохгүйг сануулав.

Хуваалцах
МАРK 8 унших

МАРK 8:1-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Дахиад үй олон цугларсан тэр өдрүүдэд хүмүүс идэх юмгүй болжээ. Есүс шавь нараа дуудаж тэдэнд — Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд Надтай гурав хоног байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг гэрт нь өлөн зэлмүүн буцаавал тэд замдаа сульдаж унах болно. Тэдний зарим нь холоос иржээ гэж хэлэв. Шавь нар нь Түүнд —Энэ зэлүүд газар эднийг хэрхэн талхаар цатгаж чадах билээ? гэхэд Есүс тэднээс —Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд —Долоо гэлээ. Тэрээр хурсан олонд газар суухыг тушаагаад, долоон талхыг авч талархал өргөсний дараа хуваасан бөгөөд үүнийгээ тараалгуулахаар шавь нартаа өгч байв. Шавь нар нь тэдгээрийг хурсан олонд тараав. Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас өмнө нь тавь гэлээ. Тэд идээд цадав. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад долоон сагс дүүрэв. Тэнд дөрвөн мянга орчим хүн байлаа. Тэгээд Тэр тэднийг явуулав. Есүс тэр даруй шавь нарынхаа хамт завинд сууж, Далманутын хавьд ирлээ. Фарисайчууд хүрч ирээд, Есүстэй марган, Түүнийг сорихын тулд тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг шаардаж эхлэв. Есүс сүнсэндээ гүнээ санаа алдаж —Яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үнэнээр Би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдэг өгөгдөхгүй гэж айлдлаа. Тэрээр тэднийг орхин завиндаа буцаж суугаад нөгөө эрэг уруу явав. Тэд талх авчрахаа мартсан бөгөөд завинд нь ганц л талх байлаа. Есүс шавь нартаа зааварлан —Сэрэмжлэгтүн, фарисайчуудын бас Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв. Тэд хоорондоо эргэцүүлэн ярьж —Бид талхгүй байснаас ингэлээ гэцгээхэд Есүс мэдээд тэдэнд —Та нар юунд талхгүй байгаа тухайгаа эргэцүүлэн ярилцана вэ? Та нар одоо болтол ойлгохгүй, ухаарахгүй байна уу? Та нар чинь хатуурчихсан зүрхтэй юм уу? Нүдтэй атлаа эс харна уу? Чихтэй мөртлөө үл сонсоно уу? Санахгүй байна уу та нар чинь! Би таван талхыг таван мянгууланд нь хуваахад та нар хэдэн сагс дүүрэн цөвдөл цуглууллаа? гэхэд тэд Түүнд —Арван хоёр гэв. — Долоон талхыг дөрвөн мянгууланд нь хуваахад та нар хэдэн сагс дүүрэн цөвдөл цуглууллаа? гэхэд тэд Түүнд —Долоо гэв. Есүс тэдэнд —Та нар ухаарахгүй л байна уу? гэлээ. Тэднийг Бетсайдад ирэхэд, хүмүүс сохор нэгнийг Түүнд авчирч, гараа түүнд хүргэхийг Есүсээс гуйв. Есүс тэр хүний гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа түүн дээр гараа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад нөгөө хүн хараад, —Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад гараа нүдэн дээр нь тавьж, түүнд тодоор харуулав. Түүний нүд нь засарч юм бүгдийг тод харах болжээ. Есүс түүнд —Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав. Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгод уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад тэд Түүнд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв. Есүс цааш нь тэднээс —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр —Та бол Христ гэж хэллээ. Тэр Өөрийнх нь тухай хэнд ч ярьж болохгүй хэмээн тэдэнд тушаав.

Хуваалцах
МАРK 8 унших