МАРK 6:17-29
МАРK 6:17-29 Ариун Библи 2013 (АБ2013)
Херод өөрийн дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул үүнээс болж хүн илгээн Иоханыг бариулан шоронд хориулжээ. Учир нь Иохан, Херодод —Та дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн ажээ. Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй. Учир нь Херод, Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод, Иоханыг сонсохдоо их тэвддэг ч дуртайяа сонсдог байлаа. Тохиромжтой өдөр ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар бас Галилын тэргүүн нарт зориулж зоог барьжээ. Херодиагийн охин ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад тэр ихэд таашаагджээ. Хаан охинд —Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв. Тэрээр охинд ам гарч, —Чи надаас юу хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч чамд өгнө гэв. Охин гарч, эхээсээ —Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь —Баптисч Иоханы толгойг гэжээ. Охин тэр даруй хааны өмнө яаран очиж, —Яг одоо баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв. Хаан ихэд харууссан боловч өгсөн андгай ба зочдоосоо болоод охинд татгалзахыг хүссэнгүй. Хаан даруй цаазчин явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр нь очоод, шоронд Иоханы толгойг авчээ. Тэгээд толгойг нь царан дээр авчирч охинд өгөхөд охин эхдээ өгөв. Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч, хадан булшинд тавьжээ.
МАРK 6:17-29 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь Херод өөрийнхөө дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул түүнээс болж Иоханыг бариулан шоронд хориулжээ. Учир нь Иохан Херодод —Дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн байв. Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй. Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт шударга, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо тээнэгэлздэг ч дуртайяа сонсдог байлаа. Хүлээсэн өдөр нь ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар болоод Галилын хүндэт хүмүүст зориулж зоог барьжээ. Херодиагийн охин орж ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад охин ихэд таашаагджээ. Хаан охинд —Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв. Тэрээр охинд [олон удаа] ам гарч, —Чи надаас юуг хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч болов чамд өгнө гэж амлав. Охин гарч, эхээсээ —Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь —Баптисм хүртээгч Иоханы толгойг гэжээ. Охин тэр даруй хааны өмнө очиж —Яг одоо баптисм хүртээгч Иоханы толгойг тавган дээр тавьж надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв. Хаан гүнээ харамссан боловч зочид байсан тул, бас амласан учир охинд татгалзахыг хүссэнгүй. Хаан тэр даруй алуурчныг явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр очоод, шоронд Иоханыг цаазалжээ. Тэгээд түүний толгойг тавган дээр авчраад охинд өгөхөд, охин эхдээ өгөв. Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч хадан булшинд тавьжээ.