МАРK 6:1-32
МАРK 6:1-32 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс тэндээс явж нутагтаа ирэв. Шавь нар нь Түүнийг дагалдан явж байлаа. Амралтын өдөр Есүс синагогт сургаал заахад сонссон олон гайхаж, —Энэ хүн үүнийг хаанаас авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар гайхамшигт үйлс гарна вэ? Энэ хүн чинь Мариагийн хүү мужаан биш бил үү? Иаков, Иосеф, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт энд байгаа биз дээ? гэж Есүсийг янз янзаар гоочлов. Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь өөрийн гэр, төрөл садныхаа дунд болон нутгаасаа өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. Тэнд Тэр ямар ч гайхамшгийг үйлдэж чадсангүй. Харин өвчтэй байсан хэдэн хүн дээр мутраа тавьж эдгээжээ. Тэдэнд итгэл байхгүйд Есүс гайхаж байлаа. Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал айлдав. Есүс арван хоёрыгоо дуудаж, бузар сүнсийг захирах эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв. Есүс тэдэнд зааварлан —Замдаа таягаас өөр юуг ч авч явах ёсгүй. Талх ч болохгүй, уут хүүдий ч болохгүй, хэтэвчиндээ зоос мөнгө ч авч явж болохгүй. Харин шаахайгаа өмс гээд нэмж —Цамц давхарлаж өмсөөд хэрэггүй гэв. Есүс тэдэнд —Та нар ямар айлд орно, хотоос явтлаа тэндээ бай. Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унагаарай гэжээ. Тэд явж, хүмүүс гэмших ёстойг тунхаглав. Тэд олон чөтгөрийг зайлуулж, өвчтэй олон хүнийг тосоор тослон эдгээжээ. Херод Хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурссан байлаа. Хүмүүс —Баптисм хүртээгч Иохан үхэгсдээс амилжээ. Тийм учраас Түүнд гайхамшигт хүч байна гэж ярилцаж байв. Харин зарим нь —Тэр бол Елиа, зарим нь —Тэр бол эртний эш үзүүлэгчдийн нэгний л адил эш үзүүлэгч байна гэж байлаа. Харин Херод үүнийг дуулаад —Миний цаазалсан Иохан амилжээ гэв. Учир нь Херод өөрийнхөө дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул түүнээс болж Иоханыг бариулан шоронд хориулжээ. Учир нь Иохан Херодод —Дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн байв. Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй. Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт шударга, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо тээнэгэлздэг ч дуртайяа сонсдог байлаа. Хүлээсэн өдөр нь ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар болоод Галилын хүндэт хүмүүст зориулж зоог барьжээ. Херодиагийн охин орж ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад охин ихэд таашаагджээ. Хаан охинд —Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв. Тэрээр охинд [олон удаа] ам гарч, —Чи надаас юуг хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч болов чамд өгнө гэж амлав. Охин гарч, эхээсээ —Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь —Баптисм хүртээгч Иоханы толгойг гэжээ. Охин тэр даруй хааны өмнө очиж —Яг одоо баптисм хүртээгч Иоханы толгойг тавган дээр тавьж надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв. Хаан гүнээ харамссан боловч зочид байсан тул, бас амласан учир охинд татгалзахыг хүссэнгүй. Хаан тэр даруй алуурчныг явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр очоод, шоронд Иоханыг цаазалжээ. Тэгээд түүний толгойг тавган дээр авчраад охинд өгөхөд, охин эхдээ өгөв. Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч хадан булшинд тавьжээ. Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа. Тэр тэдэнд —Та нар зэлүүд газар уруу оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж, очиж, тэдэнд тусдаа юм идэх зав ч байсангүй). Тусдаа байхаар тэд зэлүүд газрыг зүглэн завиар явав.
МАРK 6:1-32 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс тэндээс явж, нутагтаа ирэв. Шавь нар нь Түүнийг дагалдаж байлаа. Амралтын өдөр Есүс синагогт сургаал зааж эхлэхэд, сонссон олон гайхаж —Хаанаас энэ хүн эдгээрийг авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар хүчит гайхамшгууд гарна вэ? Энэ чинь Мариагийн хүү, мужаан биш бил үү? Иаков, Иосеф, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт байгаа биз дээ? гэж Түүнд бүдрэн унтууцав. Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, төрөл садангийнхаа дунд болон гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. Тэнд Тэр хэдэн өвчтөн дээр мутраа тавьж эдгээснээс өөр хүчит гайхамшгийг үйлдэж эс чадав. Тэдний итгэлгүйд Есүс гайхаж байлаа. Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал заав. Есүс арван хоёроо дуудаж, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв. Есүс тэдэнд тушаан —Аян замдаа таягнаас өөр юу ч, талх ч, хүүдий ч, хэтэвчиндээ зоос ч бүү ав. Харин шаахайгаа өмс, —Цамц давхарлаж бүү өмс гээд Есүс тэдэнд —Та нар ямар айлд орно, тэр газраас явтлаа тэндээ бай. Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. Тэд явж, гэмших ёстойг тунхаглав. Тэд олон чөтгөрийг зайлуулж, олон өвчтөнг тосоор тослон эдгээжээ. Херод хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Хүмүүс —Баптисч Иохан үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв. Харин зарим нь —Тэр бол Елиа зарим нь —Тэр бол эш үзүүлэгчдийн нэгэн адил эш үзүүлэгч гэж байлаа. Харин Херод үүнийг дуулаад —Миний өнөөх толгойг нь авсан Иохан амилжээ гэв. Херод өөрийн дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул үүнээс болж хүн илгээн Иоханыг бариулан шоронд хориулжээ. Учир нь Иохан, Херодод —Та дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн ажээ. Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй. Учир нь Херод, Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод, Иоханыг сонсохдоо их тэвддэг ч дуртайяа сонсдог байлаа. Тохиромжтой өдөр ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар бас Галилын тэргүүн нарт зориулж зоог барьжээ. Херодиагийн охин ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад тэр ихэд таашаагджээ. Хаан охинд —Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв. Тэрээр охинд ам гарч, —Чи надаас юу хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч чамд өгнө гэв. Охин гарч, эхээсээ —Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь —Баптисч Иоханы толгойг гэжээ. Охин тэр даруй хааны өмнө яаран очиж, —Яг одоо баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв. Хаан ихэд харууссан боловч өгсөн андгай ба зочдоосоо болоод охинд татгалзахыг хүссэнгүй. Хаан даруй цаазчин явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр нь очоод, шоронд Иоханы толгойг авчээ. Тэгээд толгойг нь царан дээр авчирч охинд өгөхөд охин эхдээ өгөв. Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч, хадан булшинд тавьжээ. Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа. Тэр тэдэнд —Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж очоод, тэдэнд юм идэх ч зав байсангүй.) Тэд тусдаа байхаар зэлүүд газар уруу завиар явав.