МАРK 5:1-20

МАРK 5:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)

Нуурын чанад эрэг герасчуудын нутагт тэд иржээ. Есүсийг завинаас буухад нь бузар сүнстэй хүн тэр даруй булшнаас гарч ирээд Түүнтэй тулгарав. Орон байр нь булшнуудын дунд байх агаад гинжинд ч эс хүлэгдэх нэгэн аж. Тэр олонтаа гав, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэсэглэн эвдчихдэг байв. Хэн ч түүнийг номхтгож эс чаджээ. Булшин дунд, ууланд өдөр шөнөгүй тэрээр орилж, чулуугаар өөрийгөө балбах аж. Есүсийг холоос харсан тэрээр гүйн ирж, Түүнд мөргөв. Тэгээд чанга дуугаар хашхиран —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ. Учир нь Есүс —Бузар сүнс чи хүнээс гар гэж айлдсан ажээ. Есүс түүнээс —Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр —Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв. Тэгээд өөрсдийг нь энэ нутгаас бүү зайлуулаач гэж тэр Түүнээс хүсэмжлэн гуйв. Тэнд уулын бэлд гахайн их сүрэг идшилж байлаа. Чөтгөрүүд Есүсээс —Биднийг гахай уруу явуулаач. Бид тэдний дотор оръё гэж гуйхад Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд гарч, гахайнуудад шүглэв. Хоёр мянга орчим гахайн сүрэг нуурын эгц ганга дээрээс ухасхийж, нууранд унан живцгээлээ. Гахайчид зугтаж, үүнийг хот хөдөөгүй ярив. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ. Тэд Есүс дээр ирээд, «Легион» шүглэж байсан мөнөөх нэгэн хувцаслачихсан, эрүүл саруул сууж байхыг хараад, ихэд айв. Үүнийг үзсэн хүмүүс, чөтгөр шүглэсэн хүнд юу тохиолдсоныг болон гахайнууд яасан тухай тэдэнд ярьжээ. Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв. Есүсийг завинд суух үед чөтгөр шүглэсэн байсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс үл зөвшөөрөн, харин түүнд —Гэртээ, өөрийнхөндөө оч. Эзэн чамд хичнээн ихийг үйлдэж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв. Тэр явж, Есүс түүнд хичнээн ихийг үйлдсэнийг Декаполиор нэг зарлаж эхлэв. Бүгд гайхацгааж байлаа.

Хуваалцах
МАРK 5 унших

МАРK 5:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэд нуурын нөгөө эрэг болох Герас нутагт иржээ. Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав. Тэр хүний орон байр нь булшнуудын дунд байв. Хэн ч түүнийг хүлж чадсангүй, бүр гинжээр ч хүлж чадсангүй. Учир нь тэр олон удаа гавтай, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэдэн хэсэг болгон эвдчихдэг байв. Түүнийг номхтгоход хэний ч хүч хүрсэнгүй. Тэрээр булшнуудын дунд, ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө дэлсэнэ. Есүсийг холоос хараад, тэр гүйн ирж Түүнд мөргөв. Тэгээд чанга дуугаар хашхиран —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ. Учир нь Есүс —Бузар сүнс чи энэ хүнээс гар гэж айлдсан ажээ. Есүс түүнээс —Чамайг хэн гэдэг вэ? гэж асуусанд тэр —Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв. Тэгээд тэр Түүнээс өөрсдийг нь энэ нутгаас бүү зайлуулаач гэж хүсэмжлэн гуйж эхлэв. Тэнд ууланд гахайн их сүрэг бэлчиж байлаа. Чөтгөрүүд Есүсээс —Биднийг гахай уруу явуулаач. Бид тэдний дотор оръё гэж гуйхад, Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд хүнийг орхиж, гахайнуудад шүглэв. Хоёр мянга орчим гахайн сүрэг эгц эргээс нуур уруу ухасхийж нуурт живцгээлээ. Гахайчид зугтаж, үүнийг хот, тосгодод мэдэгдэв. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ. Тэд Есүс уруу ирээд, чөтгөрт, «Легионд» эзэмдүүлж байсан яг тэр хүн хувцасласан, эрүүл саруул сууж байхыг хараад ихэд айв. Үзсэн хүмүүс тэр хүнд юу тохиолдсоныг болон гахайнуудын тухай тэдэнд ярьж өгчээ. Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв. Есүсийг завинд суух үед чөтгөрт эзлэгдсэн байсан өнөөх хүн өөртэй нь хамт байя гэж гуйсанд, Есүс зөвшөөрсөнгүй, харин түүнд —Гэртээ, өөрийнхөн дээрээ оч. Эзэн чамд ямар агуу зүйлс хийж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв. Тэр явж, Есүс өөрийнх нь төлөө ямар агуу зүйлс хийж өгснийг Декаполис хэмээх газарт зарлаж эхлэв. Хүн бүр гайхацгааж байлаа.

Хуваалцах
МАРK 5 унших