МАРK 14:32-72
МАРK 14:32-72 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд Гетсемани гэдэг газар ирэхэд Есүс шавь нартаа —Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Тэгээд түгшиж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, сэргэг байцгаа гэжээ. Есүс жаахан цааш яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь өнгөрөхийг залбирав. Есүс —Ааба, Аав аа! Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэлээ. Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад Петрт —Симон, чи унтаж байна уу? Ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм гэлээ. Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав. Тэр дахин ирээд, нүд нь анилдсанаас унтсан тэднийг харав. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. Есүс гурав дахь удаагаа ирж тэдэнд —Та нар унтаж, амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нь ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ. Түүнийг ийн ярьж байх зуур, арван хоёрын нэг Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдын илгээсэн илд шийдэмтэй бөөн хүний хамт даруй хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттай авч яв гэж дохио өгсөн байлаа. Иудас ирээд даруй Есүс уруу очиж «Рабби!» гээд Түүнийг үнсэв. Тэд Түүнийг гараараа зууран авч баривчлав. Гэтэл дэргэд нь зогсогсдын нэг нь илдээ сугалаад тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс тэдэнд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Сүмд өдөр бүр та нартай хамт байж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд юм гэв. Шавь нар бүгд Түүнийг орхин зугтав. Нүцгэн биен дээрээ маалинган нөмрөг нөмөрсөн нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Хүмүүс түүнийг барьж автал тэр нөмрөгөө хаяад, нүцгэн чигээрээ зугтжээ. Тэд Есүсийг тэргүүн тахилчийнд авчрав. Бүх ахлах тахилч нар, ахлагчид болон хуулийн багш нар цугласан байлаа. Петр тэргүүн тахилчийн хашаанд ортлоо Есүсийг алсуур дагажээ. Тэр бараа бологчдынх нь дунд сууж, галд дулаацан байв. Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг гэрчлэл хайгаад юу ч олсонгүй. Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч гэрчлэлүүд нь таарахгүй байлаа. Зарим нь босоод, Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэн — “Гараар баригдсан энэ сүмийг Би устгаж, гурван хоногийн дотор гараар баригдаагүй өөрийг босгоно” гэж Түүний хэлэхийг сонссон гэв. Үүнд ч тэдний мэдүүлгэ таарахгүй байлаа. Тэргүүн тахилч босож, голлон зогсоод, Есүсээс —Чамд хариулах юм алга уу? Чиний эсрэг эд нар юу гэрчилж байгаа юм бэ? гэж асуув. Гэвч Есүс дуугүй байж, юу ч хариулсангүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун —Чи Магтаалт Нэгэний Хүү, Христ мөн юм уу? гэлээ. Есүс —Би мөн. Та нар Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлсээр ирэхийг харах болно гэв. Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Бурханыг доромжлохыг нь та нар сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэв. Есүс үхэх ёстой гэж бүгд яллав. Зарим нь өөдөөс нь нулимж, нүдийг нь боогоод нударгалан жанчиж эхлэн —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа. Петрийг хашааны доохнуур байтал тэргүүн тахилчийн шивэгчингүүдийн нэг нь ирж, дулаацаж байгаа Петрийг үзээд түүнийг ширтэж —Чи ч бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв. Тэр харин үүнийг үгүйсгэж, —Юу ярьж байгааг чинь би мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй байна гэв. Петр гарч хашааны үүд уруу дөхөв. [Азарган тахиа донгодов.] Өнөөх зарц эмэгтэй түүнийг хараад, тэнд байгсдад дахин —Энэ тэдний нэг байна гэжээ. Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэжээ. Тэгтэл удалгүй тэнд байгсад Петрт —Чи гарцаагүй тэдний нэг мөн. Учир нь чи Галилынх юм байна гэлээ. Гэтэл тэр хараал тавин, тангараглаж —Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв. Тэр мөчид азарган тахиа хоёр дахь удаагаа донгодлоо. Тэгээд Петр —Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь айлдаж байсныг саналаа. Тэр асгартал уйлав.
МАРK 14:32-72 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд Гетсемани гэдэг газар ирэв. Есүс шавь нартаа —Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Өөрийн хамт Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Есүс ихэд зовж, шаналж эхлэв. Есүс тэдэнд —Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд, сэргэг бай гэв. Есүс тэднээс жаахан цаашаа яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг Өөрийнх нь хажуугаар өнгөрсөн байхын тулд залбирав. Есүс —Аав аа, Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэж байгааг бус, харин Та юу хүсэж байгаагаа үйлд гэлээ. Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Симон, чи унтаж байна уу? Ганцхан цаг сэрүүн байж чи чадсангүй юу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс нь хүсэж байна, харин махан бие сул дорой гэлээ. Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав. Тэр дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Учир нь тэдний нүд анилдаж байв. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. Есүс гурав дахь удаагаа ирж, тэдэнд —Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Одоо боллоо. Цаг ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулах хүн ойртон байна гэлээ. Түүнийг айлдаж байх зуур, тэр даруй арван хоёрын нэг болох Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв. Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд —Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттайгаар авч яв гэж хэлсэн байлаа. Иудас ирээд, тэр даруй Есүс уруу очиж, «Рабби!» гээд Түүнийг үнсэв. Тэд Түүнийг барин, баривчиллаа. Гэтэл дэргэд нь зогсогсдоос нэг нь илдээ сугалж тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчсан байлаа. Есүс тэдэнд айлдруун —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирэв үү? Өдөр бүр Би сүмд та нартай хамт байж, зааж байсан. Та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Судар биелэгдэхийн тулд боллоо гэж айлдлаа. Шавь нар цөмөөрөө Есүсийг орхиод, зугтав. Нүцгэн биен дээрээ даавуун хучлаганаас өөр юу ч нөмрөөгүй нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Түүнийг хүмүүс барьж автал, тэр хучлагаа ардаа хаяад нүцгэн чигээрээ зугтжээ. Тэд Есүсийг тэргүүн тахилчийнд авчрав. Бүх ахлах тахилч нар, ахлагчид болон хуулийн багш нар цугласан байлаа. Петр тэргүүн тахилчийн хашаан дотор ортлоо Есүсийг алсуур дагажээ. Тэр бараа бологчдынх нь дунд сууж, галд дулаацан байв. Ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг алахын тулд Түүний эсрэг гэрчлэхийг хичээсэн боловч юу ч олсонгүй. Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч, гэрчлэлүүд нь таарахгүй байлаа. Зарим нь босоод Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэл өгөн, — Бид “Гараар баригдсан энэ сүмийг Би устгаж, гурван хоногийн дотор Би хүний гараар баригдаагүй өөрийг босгоно” гэж Түүний хэлэхийг сонссон гэж байв. Үүн дээр хүртэл тэдний мэдүүлэг таарахгүй байлаа. Тэргүүн тахилч босож урд ирээд, Есүсээс —Та ямар ч хариулт өгөхгүй юу? Эдгээр хүмүүс Таны эсрэг юу гэрчилж байгаа юм бэ? гэж асуув. Гэвч Есүс дуугүй байж, ямар ч хариулт өгсөнгүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун —Та Ерөөлт Нэгэний Хүү, Христ мөн юм уу? гэлээ. Есүс —Би мөн. Та нар Хүний Хүү Хүчит Нэгэний баруун гарт сууж, тэнгэрийн үүлсийн дунд ирэхийг харна гэв. Тэргүүн тахилч хувцсаа хүү татаад, —Бидэнд өөр гэрч нарын хэрэг гэж юу байна? Бурханыг доромжлохыг нь та нар сонслоо. Энэ нь та нарт ямар санагдаж байна? гэж хэлэв. Тэд бүгдээрээ Есүс үхэх ёстой гэсэн ял тулгав. Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж, —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа. Петрийг хашааны доод талд байхад нь тэргүүн тахилчийн шивэгчдийн нэг ирж, Петрийг өөрийгөө дулаацуулж байхыг хараад, түүнийг ажиглан —Чи бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв. Гэвч тэр үүнийг үгүйсгэж, —Юу яриад байгааг чинь би мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй байна гэв. Петр гарч хашааны үүд уруу дөхөв. [Азарган тахиа донгодов.] Өнөөх зарц эмэгтэй түүнийг хараад, тэнд зогсож байсан хүмүүст дахин —Энэ хүн бол тэдний нэг мөн гэжээ. Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэж байлаа. Хэсэг хугацааны дараа тэнд зогсож байсан хүмүүс Петрт —Чи гарцаагүй тэдний нэг мөн. Учир нь чи бас Галилын хүн юм байна гэлээ. Гэтэл тэр харааж эхлэн, тангараглаж —Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв. Тэр даруй хоёр дахь удаагаа азарган тахиа донгодлоо. Тэгээд Петр —Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь айлдсаныг саналаа. Тэр уйлж гарав.