МАРK 12:13-27
МАРK 12:13-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд Түүнийг үгэнд нь урхидаж барихын тулд фарисай болон херодынхны зарим хүмүүсийг Есүс уруу явуулав. Тэд ирээд Түүнд —Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнд ч тал засдаггүйг тань болон хэнийг ч ялгадаггүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? Бид төлөх ёстой юу, эсвэл төлөх ёсгүй юу? гэж асуутал, Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг нь мэдээд, тэдэнд —Та нар Намайг юунд сорино вэ? Надад денар үзүүл гэв. Тэд нэг денар авчирсанд Есүс —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд, тэд —Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт өг. Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд Түүнийг гайхацгаав. (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Есүс уруу ирж, Түүнийг байцаан, — Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл, дүү нь тэр эмийг эхнэрээ болгон авч ахдаа үр удмыг нь төрүүлж өсгө” гэж бичсэн. Ах дүү долоон хүн байжээ. Ууган нь эхнэр авч гэнэ. Нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Хоёр дахь нь тэр эмийг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил. Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Эцэст нь тэр эмэгтэй бас нас баржээ. Амилалтад [тэд амилахад] тэр хэний эхнэр болох вэ? Яагаад гэвэл тэр долоо бүгдээрээ түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэхэд нь Есүс тэдэнд —Энэ чинь та нар Бурханы хүчийг ч, Судрыг ч ойлгоогүйгээс төөрөлдөж байгаа хэрэг бус уу? Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, хадамд гарах ч үгүй. Харин тэд тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болно. Харин үхэгсэд дахин амилах тухайд Мосегийн номын бутны тухай хэсэгт Бурхан Мосед “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” гэж айлдсаныг та нар уншаагүй юу? Тэр бол үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлджээ гэж айлдав.
МАРK 12:13-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд Түүнийг үгэн дээр нь урхидаж барихын тулд фарисайн болон Херодынхны заримыг Есүс уруу явуулав. Тэд ирээд, Түүнд —Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгаварлан хэнд ч тал засдаггүйг, харин Бурханы замыг үнэнээр заадгийг мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуухад Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг мэдээд тэдэнд —Та нар юунд Намайг сорино вэ? Надад денар авчирч үзүүл гэв. Тэд нэг денар авчирсанд Есүс —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд тэд —Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд үүнд гайхацгаав. Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг садукайчуудын зарим нь Есүс дээр ирж Түүнээс асуусан нь — Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн. Ах дүү долуул байсан. Ууган нь эхнэр аваад үр хүүхэдгүй үхсэн. Хоёр дахь нь тэр эмэгтэйг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил. Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. Амилалд тэр хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд Есүс тэдэнд —Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс төөрөлдөж байгаа хэрэг энэ бус уу? Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, нөхөрт гарах ч үгүй, харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм. Харин үхэгсэд амилах тухайд Мосегийн номд “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэж бутан дотроос Мосед Бурхан айлдсаныг та нар уншаагүй юу? Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлджээ гэж хэлэв.