МАРK 10:32-52

МАРK 10:32-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэд Иерусалим орохоор замдаа явж байв. Есүс тэдний өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдаж явсан хүмүүс нь айж байв. Есүс дахиад л арван хоёрыгоо тусад нь авч, Өөрт нь юу тохиолдох тухай тэдэнд айлдаж эхлэв. — Харагтун, бид Иерусалимыг зорьж явна. Хүний Хүү ахлах тахилч нарт болон хуулийн багш нарт тушаагдах болно. Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харь үндэстэнд тушаана. Тэд Түүнийг басамжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр дахин амилна гэв. Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд —Багш аа, бид юу ч гуйсан, түүнийг маань бидэнд хийж өгөхийг Танаас хүсэж байна гэв. Тэр —Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд, тэд Түүнд —Таны сүр жавхлан дотор бидний нэгийг Өөрийн баруун гар талдаа, нөгөөг маань Өөрийнхөө зүүн талд суулгаач гэв. Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд, тэд Түүнд —Бид чадна гэв. Есүс тэдэнд хандаж —Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно. Харин Миний баруун, зүүн талд суух нь Миний өгөх юм биш. Энэ нь хэний төлөө бэлтгэгдсэн байна, тэдэнд өгөгдөнө гэж айлдав. Үүнийг сонсоод нөгөө арав нь Иаков, Иохан нарт зэвүүцжээ. Есүс тэднийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд —Харь үндэстнүүдийн захирагчид гэж тооцогдсон хүмүүс ард олноо ноёрхдог. Ихэс дээдэс нь тэднийг эрхэндээ байлгадгийг та нар мэднэ. Харин та нарын дунд тийм юм байж болохгүй. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог. Мөн хэн та нарын дунд тэргүүнд байхыг хүснэ, тэр хүн бүгдийн боол болог. Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлдлаа. Тэд Иериход ирэв. Есүс Өөрийн шавь нар болоод олон түмний хамт Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв. Назарын Есүс явж байгааг тэр дуулаад —Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв. Олон хүн дуугүй бай хэмээн түүнд хатуу хэлсэн боловч тэр харин ч бүр —Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв. Есүс зогсон —Түүнийг нааш дууд гэлээ. Тэд сохор эрийг дуудаж, түүнд —Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв. Тэр гадуур хувцсаа тайлж хаяад үсрэн босож, Есүс уруу очив. Есүс түүнд —Чиний төлөө юу хийж өгөхийг чи Надаас хүсэж байна вэ? гэхэд, сохор эр Түүнд —Рабуни (Багш гэсэн утгатай), би дахин хараатай болмоор байна гэжээ. Есүс түүнд —Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэж айлдахад өнөөх хүн тэр даруй дахин хараа орж, замаар Есүсийг дагалаа.

Хуваалцах
МАРK 10 унших

МАРK 10:32-52 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэд Иерусалимд очихоор замд явж байв. Есүс өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдан явагсад айж байв. Есүс дахиад л арван хоёроо дэргэдээ авч, Өөрт нь юу тохиолдохыг тэдэнд айлдаж эхлэв. — Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харийнханд тушаана. Тэд Түүнийг доромжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр амилна гэв. Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд —Багш аа, гуйлтыг маань юу ч байсан гүйцэлдүүлэхийг Танаас хүсэж байна гэв. Тэр —Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд тэд Түүнд —Та сүр жавхландаа бидний нэгийг баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв. Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд тэд Түүнд —Чадна гэв. Есүс тэдэнд —Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно. Харин баруун зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь бэлтгэгдсэн тэр хүмүүсийнх юм гэж хэлэв. Үүнийг сонсоод, арав нь Иаков, Иохан нарт зэвүүцэж эхлэв. Есүс тэднийг дуудаж тэдэнд —Харийнхны захирагчдаар тодрогсод ард олноо ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ. Харин та нарын дунд бүү ийм байг. Хэн чинь та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол болог. Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв. Тэд Иериход ирэв. Есүс шавь нартайгаа болоод үй олонтой Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв. Назарын Есүс явж байгааг тэр дуулаад —Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв. Түүнийг дуугүй бай гэж олноороо зандарсан боловч тэр харин бүр —Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв. Есүс зогсон —Түүнийг дууд гэлээ. Тэд сохрыг дуудаж түүнд —Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв. Тэр гадуур хувцсаа хаяад, үсрэн босож Есүс уруу очив. Есүс түүнд —Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд сохор эр Түүнд —Рабуни, (Багш гэсэн утгатай) намайг дахин хардаг болгооч гэв. Есүс түүнд —Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэсэнд тэрээр тэр даруй дахин хараа орж, Есүсийг замд нь дагалаа.

Хуваалцах
МАРK 10 унших