МАРK 1:29-38

МАРK 1:29-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

Синагогаас гарч ирсний дараа тэр даруй тэд Иаков, Иохан нарын хамт Симон, Андрей хоёрын гэрт очив. Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэр даруйд тэд түүний тухай Есүст хэлэхэд Тэр түүн уруу ирээд гараас нь барин босгоход тэр эмэгтэй халуурахаа болиод, тэдэнд үйлчилжээ. Орой болж, нар жаргасны дараа хүмүүс өвчтэй болон чөтгөр шүгэлсэн бүх хүнийг Түүн уруу авчрав. Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа. Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулан, чөтгөрүүдэд ярихыг зөвшөөрсөнгүй. Учир нь тэд Түүнийг хэн болохыг мэдсэн юм. Өглөө эрт харанхуй байхад, Тэр босоод гадагш гарч зэлүүд газарт очин, тэндээ залбирч байв. Симон болон түүний нөхөд Түүнийг хайж, олоод —Хүн бүхэн Таныг эрж байна гэхэд Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Тэнд ч бас Би тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав.

Хуваалцах
МАРK 1 унших

МАРK 1:29-38 Ариун Библи 2013 (АБ2013)

Синагогаас гарч ирсэн даруйдаа тэд Иаков Иохан нарын хамт Симон Андрей хоёрын гэрт очив. Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэд Есүст даруй түүний тухай хэлэхэд Тэр түүн уруу очиж гараас нь барин босгомогц халуун нь арилж, тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв. Тэр орой нар жаргах үеэр тэд өвчтэй ба чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүнд авчрав. Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа. Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулахдаа, юм ярихыг чөтгөрүүдэд эс зөвшөөрөв. Учир нь Түүнийг хэн гэдгийг тэд мэдэж байсан юм. Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав.

Хуваалцах
МАРK 1 унших